Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд орон сууцны хороолол болон барилгад хүүхдийн цэцэрлэг байгуулах талаарх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталсан байна.
Уг шийдвэрийн тухайд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улс цаашдаа цэцэрлэгийн тогтолцоогоор сугалаагаар шийддэг байх ёсгүй. Энэ хүрээнд гурван яамны ажлын хэсэг ажиллаж, дээрх чиглэлээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргууллаа. Энэ жил гурван удаагийн элсэлтээр нийт 124 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулснаас төрийн өмчийн цэцэрлэгт 94621, хувийн өмчийн цэцэрлэгт 30 мянган хүүхэд хамрагдсан. Монгол Улс яагаад сугалааны цэцэрлэгийн тогтолцоотой болов гэдэг дээр судалгаа хийж үзлээ.
Ингэхдээ том цогцолбор барихдаа НЗДТГ-аас архитектор төлөвлөлтийн даалгавар батлуулахдаа тухайн жилд 24 цэцэрлэгтэй байна гэдэг даалгавар өгдөг. Зураг төслөө батлуулахдаа үүнийгээ 50 хувиар багасдаг. Одоогийн байдлаар гэхэд Улаанбаатарт 752 орон сууцны барилга баригдаж байгаагийн 0.2 хувь нь буюу 20 цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн гэх судалгаа байна. Иймд архитектор төлөвлөлтийн даалгавар, барилга эрхлэх зөвшөөрөл, улсын комисс хүлээн авах процессыг хариуцлагажуулахгүй цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэхгүй. Цаашдаа цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолборын зураг төслийг батлахгүй. Баталсан, магадлал хийсэн, зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтанд хариуцлага тооцно.
Мөн боловсролын байгууллагуудын газрын тооллогыг хийсэн. Монгол Улсад 680 орчим төрийн өмчийн сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим их дээд сургуулийн газрын тооллогыг 2015 оноос тооцож хийлээ. Өмнөх онуудын мэдээлэл байхгүй тул 2015 оноос тооцож хийхэд ихэнх сургууль цэцэрлэг, төрийн өмчит их дээд сургуулиуд нийт газрынхаа 70-80 хувийг хулгайд алдагдсан байна.
Өнөөдрийн байдлаар нийт төрийн өмчийн сургууль, цэцэрлэгээс 12 сургуулийн 2.1 га, 8 их дээд сургуулийн 1.8 га газар хувь хүний нэр дээр буюу тухайн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын эхнэр, жолоочийн нэр дээр шилжсэн байдалтай байна. Зарим нийтийн хэрэгцээний газруудад орон сууц барьж СӨХ-ийн нэр дээр шилжүүлжээ. Түүнчлэн спортын талбайн газрууд ч хулгайд алдагдсан учир шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтсон” гэв.