Жил бүрийн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Их хааны мэндэлсний 860 жилийн ойг угтан /2022.11.22/ Төрийн ордны Хүндэтгэлийн өргөөнд хэл шинжлэл, түүх археологи, олон улс дахь монгол судлал зэрэг салбарын төлөөлөл болсон эрдэмтэн, судлаачид чуулж, “Их Монгол Улс ба Чингис хааны өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай өрнүүллээ. Уг эрдэм шинжилгээний хурлын үеэр Хэл зүйн ухааны доктор, профессор Б.Сумьяабаатарын нэгэн жарны турш судлан туурвисан “Монголын нууц товчооны иж судалгаа”, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Го.Акимийн монгол хэлнээ утга төгс хөрвүүлэн буулгасан “Шашдирын чуулган” зэрэг бүтээлүүдийн албан ёсны нээлт болсон юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ “Агуу үндэстэн агуу түүхийг бүтээдэг. Мянганы суут хүн, Эзэн Богд Чингис хааны түмэн өлзий гийсний тэгш ойн босгон дээр Монголын нууц товчоо судлалыг хөгжүүлэх, монголчуудын оюун сэтгэлгээний дархлааг улам бүр бататгах, олон улс дахь монгол судлалыг илүү өргөжүүлэхэд үлэмж хувь нэмрийг оруулах хоёр бүтээлийг өлгийдөн авсан бичгийн их эрдэмтдэд талархал илэрхийлье.
Түгээн дэлгэрүүлэх өв соёлтой, бахархан үргэлжлүүлэх үүх түүхтэй бидний монголчуудын заавал унших ёстой охь бүтээлүүд ийнхүү нэмэгдсээр байна” гэж тодотгов.
Мөн эрдмийн чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар “Даяаршлын эрин зуунд улс үндэстнүүд бүтээсэн түүх, үлдээсэн өв соёлоороо бахархаж, үнэ цэнийг нь түгээн дэлгэрүүлэх учиртай. Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан айл өрх, албан байгууллага бүр Их хааны эш хөргийг хүндэтгэн залах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийт ард иргэд маань талархан хүлээж авсан. Мөн нийгэм, соёлын салбарын томоохон бүтээн байгуулалт болох нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан “Чингис хаан” хаад язгууртны музей өндөр үүдээ нээлээ. Монголчуудын үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж, түүхэн бахархлыг нандигнан өвлүүлэх их үйлсэд оюуны бүтээлүүдээрээ дамжуулан үнэтэй хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн, судлаачиддаа талархал илэрхийлье” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Б.Эгшиг “Монголын нууц товчоон дахь хятад галиг хийгээд орчуулга”, Хэл бичгийн ухааны доктор Г.Батсуурь “Монголын нууц товчоон ба сонгодог зохиолуудын өш хонзонгийн дүрслэл”, Түүхийн ухааны доктор, профессор Ж.Базарсүрэн “Дэлхий дахины цэргийн эрдэмд Чингис хааны оруулсан хувь нэмрийн тухайд”, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Хааны зарлигаар бүтээсэн Хархорины гэрэл хөшөөний бичээсийн утга, агуулга”, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Эрдэнэбаатар “Монголын эзэнт гүрний үеийн археологийн өв соёлоос”, Түүхийн ухааны доктор Б.Энхчимэг “Тусгаар тогтнол-Монголын бахархал” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.