Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Төрийн департамент хооронд Монгол Улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэх зорилгоор “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г байгуулан дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хамтын ажиллагааны хүрээнд холбогдох манай улсын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгуулагын ажилтнууд энэ сарын 14-21-ны өдрүүдэд АНУ-ын томоохон хотуудад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын туршлага судлах хөтөлбөрт хамрагдлаа. Тухайлбал, АНУ-ын Төрийн Департаментын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Үндэсний хүүхдийн эвсэлийн үйл ажиллагаа, АНУ-д хүүхэд хамгаалал, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд хамгааллын төвүүд, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг салбар дундын хамтарсан баг, төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, сайн туршлагыг судлах, цаашид хамтран ажиллах, шинэ мэдлэг мэдээлэл авсан байна.
Мөн хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Төрийн Департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хатагтай Мэри Жонстөүнтэй уулзалт хийж, Монгол Улсын салбар дундын хамтарсан багийн үйл ажиллагаа, уялдаа холбоо, цаашид хийх ажлын талаар санал солилцов. АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газар /J/TIP/ нь гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулах, хохирогчийг хамгаалах, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр АНУ-ын Төрийн департаментын хүчин чармайлтыг удирдан чиглүүлдэг бөгөөд Засгийн газрын энэ чиглэл дэх үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, дэлхийн чиг хандлагыг тодорхойлох, хоёр талын болон олон улсын хамтын ажиллагаанд оролцох, дэмжих ажлыг явуулдаг аж.
Түүнчлэн АНУ-ын Үндэсний хүүхдүүдийн эвсэл (National Children Alliance) ТББ, Вашингтон Ди Си хот дахь Хүүхдийн эрх ашгийг хамгаалах төв /Children’s Advocacy Center/, Мэриланд мужийн Балтимор хот дахь Хүүхэд хамгааллын төв /Children’s Advocacy Center/, Бостон хотын Суффолк дүүргийн Хүүхэд хамгааллын төв /Children’s Advocacy Center/-ийн төлөөлөгч нартай уулзан, үйл ажиллагаатай нь танилцаж, туршлага судалжээ.
Туршлага судлах энэ удаагийн хөтөлбөрт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүйсийн тэгш эрхийн төв ТББ, Азийн сангийн CPC төсөл, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын төслийн ажилтнууд багтсан байна.