Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн 2014-2021 оны хоорондох санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг сонсчээ.
Энэ оны дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаас тус үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах эрх бүхий 25 хоногийн хугацаанд ажиллах ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсэг хяналт шалгалтыг заасан хугацаанд явуулахад концесс хэрэгжүүлэлтийн хүрээнд нийт 2 их наяд 620 тэрбум төгрөгийг шамшигдуулсан болох нь илэрч, одоогийн байдлаар АТГ-т шалгагдаж байгаа болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар тус төмөрлөгийн үйлдвэрийн долоон жилийн хугацаан дахь санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг сонссон аж. Урьдчилсан байдлаар авч үзэхэд, тус үйлдвэр нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудийг мөрдөж ажиллаагүй, ихээхэн хэмжээний өр төлбөртэй, хуримтлагдсан алдагдалтай гэсэн 10 гаруй зөрчил дутагдал илэрсэн байна хэмээн үзэж байсан юм. Иймд Ерөнхий сайдын зүгээс уг асуудлыг өнөөдрийн хуралдаанд цогц байдлаар дахин оруулж ирэхийг үүрэг болгосон нь энэ юм.