Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэсэн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ.
Ингэснээр төрийн өмчит компаниудын чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийг шуурхай зохион байгуулахад ач холбогдолтой хэмээн үзэж байна. Тогтоол батлагдсанаар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд төлөвлөсөн 5,6 тэрбум төгрөгийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хэмнэх юм.
Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Монголын төмөр зам” хэрэгжүүлэхээр тогтсон байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК үргэлжлүүлэн санхүүжүүлж, төмөр замын үйл ажиллагаа, аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд “Монголын төмөр зам” ТӨХК мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах аж.