Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын 933 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал хоёр дахин буурсан үзүүлэлт гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа эрхэлсэн дэд дарга Ж.Байгалмаа мэдээлэв.
Тэрбээр, “Коронавируст халдварын PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад буурч 8.7-4.9 хувьтай болсон. Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна. Хувилбарын тандалтын шинжилгээгээр BQ12 гэсэн омикроны дэд хэв шинжийг бүртгэлээ. Энэ нь хөнгөн явцтай. Өнгөрсөн долоо хоногт нэг өвчтөн нас барж, ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 2315 болов.
Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна. Зарим аймаг улбар шар буюу алаг цоог түвшинд байна. Гэсэн хэдий ч амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч хүүхдийн тоо нэмэгдсэн. Томуу, томуу төст өвчнөөр өвчилж буй хүүхдийн 85 хувь нь 15 хүртэлх насныхан байна” гэв.