ШИЛДГИЙН ШИЛДГҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн болон Цэргийн дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон баг, Монголын бүх ард түмний XV их наадамд 13 дахь удаагаа тэргүүн байр эзэлсэн тамирчид, багш дасгалжуулагч нарт БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн хурандаа Д.Содномдаржаа, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга хурандаа Г.Өсөхбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэ үеэр “Алдар” спорт хорооны Үндэсний спортын албаны туслах дасгалжуулагч, Улсын арслан Б.Орхонбаярт дэслэгч цол олгож, амжилт гаргасан бусад баг тамирчид, дасгалжуулагч нарыг БХЯ-ны Хүндэт жуух бичиг, “Дайчин алдар” медаль, “Эх орны төлөө” хүндэт тэмдэг, Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагналаар шагнаж урамшуулсан юм.

Мөн олс таталт, шатар зэрэг нөхөрсөг тэмцээн зохион байгуулж “Алдар” спорт хорооны хамт олон нэгэн өдрийг хүндэтгэл, бахархал дүүрэн өнгөрүүллээ.

Ташрамд дурдахад тус хорооны баг тамирчид Монголын бүх ард түмний XV их наадамд 13 төрлөөр амжилттай оролцон 56 алт, 38 мөнгө, 29 хүрэл, нийт 123 медаль хүртэж 13 дахь удаагаа тэргүүн байрыг эзэлсэн юм. Түүнчлэн тэмцээнд оролцсон 13 төрлөөс 8 төрөлд тэргүүн байр эзэлж Монгол Улсын рекорд амжилтыг буудлага, хөнгөн атлетик, хүндийг өргөлтийн төрлөөр 13 тамирчин шинэчлэн тогтоосон байна.