“ЦЭРГИЙН ТАНГАРАГ БОЛ ТАНЫ НАСАН ТУРШИЙН ТАНГАРАГ ЮМ ШҮҮ"

Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар анги Эзэн богд Чингис хааны эш хөргийг ангийн захирагчийн албан өрөө, “Дайчин алдрын танхим”-д залах, 2021 онд тус ангид хугацаат цэргийн албанд татагдан ирж, иргэний цэргийн үүргээ биелүүлэн бэлтгэлээр халагдаж байгаа түрүүч, байлдагчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээг 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Энэ үеэр ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар бэлтгэлээр халагдаж байгаа түрүүч, байлдагч нарт хандан “Та бүхэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 101 жилийн ой тохиосон ховорхон жилд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд алдар цуутай морьт дивизээс улбаатай, “Их говийн гарнизон”, “Хээрийн академи” буюу Зэвсэгт хүчний 336 дугаар ангид эр цэргийн албыг бахархал дүүрэн, нэр төртэйгөөр хааж дуусгалаа.

Алба хаах хугацаандаа Зэвсэгт хүчин, анги байгууллагынхаа өмнөө тавьсан зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвар, оюун, сэтгэлээ дайчлан цэргийн эрдэмд шамдан боловсорч, дайчин нөхдөө манлайлан суралцахын зэрэгцээ улс орны томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож, шаргуу хөдөлмөрлөснийг энэ мөчид онцлон хэлэхэд таатай байна.

Та бүгдийн өргөсөн “Цэргийн тангараг” нь насан туршийн тангараг гэдгийг санаж, цэргийн албанд хат суусан чанар, цэргийн эрдмээр боловсорч төлөвшсөн зан төлөв тань улс орон, нийгэм, гэр бүл, хамт олон, найз нөхдийнхөө өмнө эр хүн байх эрхэм нэр төрийг олгосон гэж бодож байна. Эрхэм дайчид минь улс орондоо ихийг хийж бүтээх, улс нийгмийнхээ гэрэлт ирээдүй, хөгжлийн хүч нь болж, эрүүл энх, цог золбоотой, сэргэлэн цовоо, хийморьлог яваарай!” хэмээн баяр хүргэв.

Мөн энэ үеэр бэлтгэлээр халагдаж байгаа түрүүч, байлдагч нарыг төлөөлж, дэд түрүүч Т.Анхбаяр “Анх ирэхэд 1 жилийн алба урт юм шиг санагдаж байсан ч туулахад маш хурдан юм. Нэг жилийн алба автоматын сум шиг нисээд оджээ.

Одоо ингээд халагдах гээд зогсож байна. Дөнгөж татагдан ирээд жагсаалд зогсож байхдаа, дарга нараасаа хатуу ч гэсэн үнэн үг, үүргийг сонсохдоо, харуулын цэгт буугаа үүрээд зогсохдоо, хичээл сургуульд дадлага, бэлтгэлд гарахдаа, орой амрахдаа өмнө нь гаргаж байсан алдаа, дутагдлаа бодоод “Би яагаад урьд нь тэгж болоогүй юм бол …” гэдэг асуултыг өөрөөсөө маш олон удаа асууж, бас хариулах гэж хичээдэг байлаа.

Цэргийн алба бидэнд ухаарал, тэвчээр, хатуужил суулгаж ихийг ойлгууллаа. Мөн мөнхөд үргэлжлэх сайхан нөхөрлөл, хэзээд дурсагдах нандин дурсамжийг бас хамт үлдээлээ” гээд “Эр хүн болж төрсний хамгийн бахархалтай, дурсамжтай мөч бол яах аргагүй эх орондоо тангараг өргөж, эр цэргийн албаа нэр төртэй хаагаад буцах мөч юм шүү” гэж удахгүй цэргийн албанд татагдан ирэх дүү нартаа эрхэм бэлтгэл дэд түрүүч захилаа.