Батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд 2022-2023 оны сургуулийн жилийн нээлтийг тохиолдуулан “Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн арга хэмжээг бүх нийтийн хүртээл болгох, алба хаагчдын спортын ур чадварыг сорих, хөгжүүлэх зорилготой “Спортын өдөрлөг”-ийг энэ сарын 27-28 өдрүүдэд “Алдар” спорт хороонд зохион байгуулж байна.
Энэ жилийн тэмцээнийг БХЯ-ны харьяа “Алдар” спорт хороо, “Багабаян” Энхийн төлөө цогцолбор төв ТӨААТҮГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БХЯ-ны харьяа байгууллагуудын 16 багийн 250 гаруй тамирчин сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж аваргаа шалгаруулах юм.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй БХЯ, ЗХЖШ харьяа байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцоо.
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, идэвхтэй дасгал хөдөлгөөн нь эрүүл амьдралын салшгүй нэг хэсэг төдийгүй хүний бие, сэтгэл зүйд эергээр нөлөөлж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхээс гадна сэтгэл хямрал, бухимдлыг арилгаж, аливаа өвчинд өртөх эрсдэлийг бууруулж, урт наслахын үндэс болдгийг онцлоод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд идэвхтэй оролцож буй нийт баг тамирчид, багш, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдэд амжилт хүссэн юм.
Мөн энэ үеэр 2022 онд улсын болон Олон Улсын чанартай тэмцээнд амжилт гаргасан “Алдар” спорт хорооны баг тамирчид, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийг алдаршуулсан бөгөөд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид ОУ-ын тэмцээнээс шагнал хүртсэн шилдэг уран бүтээлийн дээжсээ үзэгч олонд өргөн барилаа.