Цэргийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журмыг үндэслэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар зарим алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цолыг гардууллаа.
Тодруулбал, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн хошууч С.Галбадрах, ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн багш хошууч Г.Батгэрэл нарт албан тушаалын зэрэглэлийн дэд хурандаа, БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн зураг төслийн албаны дарга ахмад П.Очирбат, ҮБХИС-ийн Сонсогчийн батальоны ротын захирагч ахмад Г.Ганчулуун, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн багш Б.Эрдэнэбат нарт албан тушаалын зэрэглэлийн хошууч, БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн Барилгын зураг төслийн инженер дэслэгч Э.Батнаран, Цэргийн төв эмнэлгийн мэдээгүйжүүлэг судлалын их эмч дэслэгч Ш.Бүд, эмнэлзүйн эмгэг судлалын эс судлаач дэслэгч Т.Туул, урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны тасгийн нүүр ам судлалын их эмч дэслэгч Н.Оюун-Эрдэнэ нарт албан тушаалын зэрэглэлийн ахлах дэслэгч цолыг тус тус олгосон бөгөөд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа С.Ванчинхүү нар гардуулсан юм.
Энэ үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг хэлсэн үгэндээ "Цэргийн хүн мөрдэс, энгэр хоёроо харж явдаг хэмээх үг байдаг. Эрхэлсэн албандаа идэвх зүтгэлтэй байж, эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, зүүсэн цолныхоо үнэ цэнийг ямагт эрхэмлэж, салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваарай. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье" гэв.