Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл, эрдэмтэн доктор профессорууд чуулсан "Цэргийн эрдэмтдийг Монгол Улсад бэлтгэж эхэлсний 30 жил-цэргийн шинжлэх ухааны хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.
Хурлыг нээж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн үгэндээ: "Монгол Улсад цэргийн эрдэмтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улс анхны цэргийн эрдэмтнийг ЗХУ-д бэлтгэснээс хойш даруй 62 жил өнгөрчээ. 1960-1990-ээд он хүртэл ЗХУ-д бэлтгэгдсэн цэргийн эрдэмтэд Цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үндэс, суурийг тавьж, улмаар дотооддоо цэргийн эрдэмтдийг бэлтгэх үйлсэд хүчин зүтгэсэн гавьяатай хүмүүс гэж үздэг.
Өнөөдөр ҮБХИС-ийн Ахисан түвшний сургалтын алба нь цэргийн шинжлэх ухаан, батлан хамгаалах судлал, аюулгүй байдал судлал чиглэлээр докторын сургалтыг явуулж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд цэргийн эрдэмтдээс “Ардын багш”, “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн”, “Гавьяат багш” нар олноор төрөн гарсны зэрэгцээ өнөөдөр шинжлэх ухааны 14 доктор, боловсролын 200 гаруй доктортой болоод байна. "Батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, технологи, инновацыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого” баримт бичигт тусгагдсан ҮБХИС-ийн бүтцэд ахисан түвшний “Эрдмийн сургууль” байгуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэснийг та бүхэнд дуулгахад таатай байна.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар цэрэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын судалгаа хөгжүүлэлтийн ажлыг цэгцтэй болгох, нэгдсэн ойлголтод хүрэх, цэргийн шинжлэх ухаан, аюулгүй байдал, батлан хамгаалах, хил, гамшиг судлалын хоорондын уялдаа холбоог хангах, залуу эрдэмтдийг бэлтгэх зэрэг асуудлыг олон талын өнцгөөс харсан, санаа бодлоо солилцсон, үр дүнтэй хурал болно гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн Монгол Улсын шинжлэх ухаанд батлан хамгаалах салбарын шинжлэх ухааны эзлэх байр суурийг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд онол, арга зүйн хувьд дэмжлэг үзүүлэхүйц бүтээлч санал, зөвлөмж гарна гэдэгт итгэл дүүрэн байна.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бол хүн бүхний хийж чаддаг амар ажил биш. Улс орны хөгжил, дэвшлийн суурь нь эрдэм шинжилгээ, судалгаа байдаг. Та бүхний Монгол Улсынхаа Цэргийн шинжлэх ухаан, боловсролын үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмэрт талархахын сацуу цаашдын ажил хөдөлмөрийн дэвшил хөгжилд итгэж амжилтын дээдийг хүсэн ерөөе" хэмээсэн юм.
Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэгчээр ҮБХИС-ийн Ахисан түвшний сургалтын албаны профессорын багийн ахлагч, доктор профессор, хурандаа Л.Батцэнгэл "Үндэсний цэргийн эрдэмтэн бэлтгэж ирсэн түүхэн уламжлал" сэдвээр илтгэл тавьсан бол хавсралт илтгэгчээр ҮАБЗ-ийн Ажлын албаны дэд дарга, Стратегийн бодлого, дүн шинжилгээ, мэдээллийн газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, доктор, профессор, хурандаа Б.Өлзийхуяг, хошууч генерал С.Баасанхүү, БХЭШХ-ийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, хурандаа Ш.Паламдорж, хошууч генерал О.Үржин, ҮБХИС-ийн Ахисан түвшний сургалтын албаны профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, хошууч генерал Б.Эрдэнэбат, Стратегийн судалгааны хүрээлэнгийн Цэрэг, стратегийн судалгааны төвийн дарга, доктор, профессор, хошууч генерал З.Болдбаатар, ЭШНХ-ийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, хурандаа Ц.Ганболд, Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд хурандаа П.Чимэдцэрэн нар илтгэл хэлэлцүүлсэн юм.