“БИДНИЙ БАХАРХАЛ” ТӨСӨЛ НИЙГЭМД ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТҮГЭЭЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий "Бидний бахархал" төсөл эх орон даяар хэрэгжиж байгаа билээ. Энэ хүрээнд цуврал уулзалт, өдөрлөг Налайх, Хан-Уул дүүргүүдэд үргэлжилж байна.

Тус өдөрлөгт Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, дайнд оролцож байсан ахмад дайчдын төлөөлөл, Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний ангиудын захирагч нар тэргүүтэй хүндэт зочид оролцож, МСҮТ-ийн болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх орноо хайрлан хамгаалах, эх түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт лекц орж, энхийг сахиулах ажиллагаа, цэргийн албаны төрлүүдийг харуулсан үзүүлэн болоод байлдааны техник, хэрэгслийн үзэсгэлэнг дэлгэн харуулсан юм.
Энэхүү үйл ажиллагааг нээж ЗХЖШ-ын АУГ-ын дарга бригадын генерал С.Дашзэвэг үг хэлсэн бөгөөд тэрээр “Бидний бахархал төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабууд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран улс орон даяар хэрэгжүүлж байна.

Өндөр хөгжилд улс орноо хөтлөхийн тулд хүн бүр эх орныхоо төлөө цохилох зүрхтэй, хайрлах сэтгэлтэй, зөв санаа бодолтой, хийж бүтээх эрмэлзэлтэй байж бие, биесээ хүндэтгэн хайрладаг, хууль дүрмээ дагаж мөрддөг байх нь нэн чухал бөгөөд, тэгж гэмээ нь бид эх орноо хэгжүүлнэ, залгамж халаа, хойч үедээ дэлхийд данстай Монгол Улсаа бүрэн бүтэн үлдээх болно. Туурга тусгаар монголын ирээдүй, залгамж халаа болсон хүүхэд, залуучууд та бүхэн бидний зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, нэгэн өдрийг эх орноороо, Зэвсэгт хүчний дайчдаараа бахархан өнгөрүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээн онцлов.

Мөн түүнчлэн “Монголын Артиллерийн цэргийн холбоо”-ны тэргүүн бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сэдвээр илтгэл тавьж, түний дараагаар "Эх орны үнэ цэн, бахархал, хайрлан хамгаалахын учир", "Тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн" видео контентыг үзүүлсэн юм.

Монгол цэргийн музейгээс “Түүх өгүүлэхүй” үзэсгэлэн, Зэвсэгт хүчний 014 дүгээр анги цэргийн инженерийн эд хэрэгслүүдээ дэлгэн танилцуулсан бол Зэвсэгт хүчний 084, 350 дугаар ангийн дайчид гардан тулааны үзүүлэх тоглолтыг үзүүлж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид нийт сурагчдад зориулан урлагийн хэсэгчилсэн тоглолтоор бэлэг барьсан юм.

“Бидний бахархал” төсөл нь хүүхэд, залуучуудад тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарласан эх оронч иргэнийг төлөвшүүлэх үндсэн зорилготой юм. Цаашид шат дараатай хэрэгжих олон хөтөлбөр төлөвлөгөө байгаа бөгөөд танилцуулах ажил үргэлжилж байна.