ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТОМИЛГООТ НЭГЖИЙН ХЭЭРИЙН ДАДЛАГА, СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн анхдагч хээрийн дадлага, сургалт"-ыг Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Цагаан залаа” хүүхдийн зуслангийн районд 3 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Сургалтад Өвөрхангай аймгийн хангайн бүсийн 5 сумын томилгоот иргэд, 4 салаа 1 тасгийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож үүсэж болзошгүй цагийн байдалд өөрийн бүс, орон нутгаа хэрхэн хамгаалах, шаардлагатай үед эзэмшвэл зохих ур чадварт суралцсан юм.

Тус хээрийн дадлага, сургалтын гол зорилго нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой бие даасан хөгжлийг хангах, иргэдэд ялангуяа хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх замаар иргэд, олон нийтийн зүгээс батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сэтгэл эрмэлзэлтэй болгох, орон нутгийн нөөцийг шат дараатай бүрдүүлэх, сурган дадлагажуулах явдал юм.