Хугацаат цэргийн албаа хаангаа цахимаар их, дээд сургуульдаа суралцах, өөрийгөө бэлтгэж Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд болон их дээд сургуулиудын шалгалтуудад оролцож, шалгарах зэрэг олон боломж байдгийг хугацаат албаны зарим дайчин өөрсдийн хичээл, зүтгэлээрээ бусад нөхдөдөө үлгэрлэн харуулсаар байна.
Үүний нэг нь Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Г.Буянжаргал бөгөөд тэрээр цэргийн алба хааж байх хугацаандаа Хөдөө аж ахуйн Их сургуулийн элсэлтэд өөрийгөө бэлтгэж, малын их эмч мэргэжлээр суралцахаар шалгалт өгөхөд тэнцсэн юм. Өдгөө дэд түрүүч Г.Буянжаргал бэлтгэлээр халагдаж, хүссэн сургуульдаа суралцаж байна.
Энэ тухай сэтгэгдлээ хуваалцахдаа “Маш их баяртай байна. Цэргийн алба миний хүсэл мөрөөдлийг минь хурцалж, суралцах, шамдахад минь тусаллаа. Магадгүй цэрэгт яваагүй бол малын эмчээр суралцах хүслээ гээж, төлөвлөлт, зохион байгуулалтгүй утсаа ухсан залуу явж байхыг үгүйсгэхгүй. Захирагч маань 2021 оны өвөл "Ирэх хавар их сургуульд элсэх хугацаат цэргийн алба хаагчид байвал цэргийн сургалт бэлтгэлийнхээ хажуугаар өөрийгөө бэлтгээрэй. Бид бүх талын дэмжлэг үзүүлнэ" гэж хэлэхээр нь бэлтгэж эхэлсэн юм. Миний малын эмч болох минь манай гэр бүлийн эрхэлдэг бизнестэй холбоотой. Манайх амьтны дэлгүүртэй. Өвдөж, зовсон амьтныг эрүүл саруул болгох нь миний багаас олж авсан хүмүүжил. Амьтныг өвдөж зовохыг нь харахад хэцүү байдаг. Тэр ч утгаараа малын эмч болох нь сэтгэлзүйгээ дагасан зөв шийдвэр минь юм. Зэвсэгт хүчинд алба хаасан он цагаа хэзээ ч мартахгүй. Баяр талархал, омогшил, бахархлыг хамгаас их мэдэрлээ. Аав ээж, найз нөхөд, ах дүү, хамаатан садан маань “Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цэргийн албаа хаасан жинхэнэ эр хүн” гэж хүндэтгэж байгаа нь маш их таалагдаж байна” гэсэн юм.
Дэслэгч Р.Билэг (Зэвсэгт хүчний 014 дүгээр анги)