НЗДТГ, Монголын Хүүхдийн ордонтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадам өнөөдөр боллоо. Арванхоёрдугаар сарын 25-наас 30-ны хооронд үргэлжилж буй тус наадамд оролцсон хүүхдүүд нэгэн өдрийг баяр хөөр дуу бүжгээр дүүрэн өнгөрүүлэв.
Монголын Хүүхдийн ордон НӨТБ-ын захирал Б.Цэнгэлмаа “Монголын Хүүхдийн ордон 1958 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Харшийн сүлд модны наадмыг уламжлал болгон зохиож буй. Энэ удаа бид байгаль орчноо хайрлах, дэлхийн дулаарлаас сэргийлэх санааг хүүхэд багачууддаа хүргэхийг зорьсон. Тухайлбал, хогоо ил задгай хаяхгүй байх, ан амьтан, ой модоо хайрлах зэрэг агуулгыг урлагийн тоглолтдоо багтаасан. Мөн өвлийн өвгөнтэй амьд буга тайзан дээр гарч ирсэнд хүүхдүүд маш баяртай байлаа” хэмээлээ.
Харшийн сүлд модны наадамд Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож жүжигчилсэн тоглолт, урлагийн үзүүлбэрээ хүүхэд багачуудад толилуулдаг билээ. Мөн энэ үеэр үлгэрийн баатрууд амилж, амьтад, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг уламжлалтай. Инээд баяр халгиж, дурсамж бэлэглэсэн энэхүү наадам өдгөө 64 дэх жилдээ болж, багачуудыг баярлуулж байна.