Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн өнөөдрийн (2023.01.03) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв.
Хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулж, “Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдээс сонгох журам”-ыг баталлаа.
Ажлын хэсгээс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан, товлосон хугацаанд материалаа ирүүлсэн нийт 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан.
Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонгов.
Үүнд,
1. Л.Төр-Од - Улс төрийн эдийн засагч, эрх зүйч
2. Г.Галбадрах - Зураг, хөдөлмөрийн багш
3. О.Мөнхсайхан - Хуульч
4. О.Амартүвшин - Эдийн засагч
5. Ө.Ганхуяг - Эдийн засагч
6. Х.Ганбаатар - Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер
7. Г.Чулуунбаатар - Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич
8. С.Эрдэнэбат - Хөдөлмөрийн эдийн засагч
9. Д.Моондой - Радио электроникийн инженер
10. Д.Мягмарсүрэн - Улс төр судлаач
11. И.Цэрэн-Онолт - Багш, математикч
Нэр дэвшигчдийн жагсаалт болон санал хураалтын дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулахаар тогтлоо.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх асуудлаар санал, дүгнэлт гарган холбогдох шийдвэрийн төслийн хамт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
Ингэхдээ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.9-т “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилохдоо эрх бүхий этгээд бүрэлдэхүүнийг сонгох болсон үндэслэл, шалтгааныг дурдаж олон нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу нэр дэвшигчдийг сонгосон үндэслэл, шалтгааныг тодорхой дурдана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.