БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын хооронд агаарын тээврийн шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар хөндлөө. Мөн хоёр улс аялал жуулчлалын сурталчилгааг харилцан идэвхжүүлж, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах талаар тохиролцов.
Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны 3 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг Элчин сайдад гардуулан өгөв.
Уг өндөр хэмжээний уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцох бөгөөд бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтыг нэгтгэж, энэ чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой аж.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мөн БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг 3 дугаар сард Хөвсгөл аймагт зохион байгуулах “Хөх сувд” мөсний баярт урилаа.