Ж.Лхагвасүрэн: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцоно

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ. Сонсголын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

отлох баримтыг шинжлэн судлах сонсголд хэдэн хүн гэрчээр оролцох бол?

-Сонголыг таван өдөр дараалан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцохоор байгаа. Давхардуулахгүй тоогоор хэчнээн хүн оролцох вэ гэвэл сонсголын эхний өдөр 65 гэрч, хоёр дахь өдөр 47, гурав дахь өдөр 31, дөрөв дэх өдөр 25, тав дахь өдөр 23 буюу нийтдээ 191 оролцогч Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлтэй холбогдуулж мэдүүлэг өгөхөөр төлөвлөсөн байгаа. Бид хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангаад байна.

-Сонсголын талаарх мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх вэ?

-Сонсгол Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуульд заасан дэгийн дагуу зохион байгуулагдана. Сонсголын үйл ажиллагааг Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимаас МҮОНТВ хоёрдугаар сувгаараа орон даяар шууд дамжуулна. Энэхүү шууд дамжуулалт болон Улсын Их Хурлын фэйсбүүк дэх албан ёсны "ParliamentMN" хуудсаас  бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг авч олон нийтэд түгээх боломжтой. Хуралдааны танхимын багтаамж, оролцогчдын тооноос хамаараад танхим руу бусад хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оруулах боломжгүй байгааг ойлгож хүлээж авах байх.

-Сонсголд түр хорооны гишүүд, гэрчээс гадна ямар хүмүүс оролцох вэ?

-Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Монгол Улсын Их Хурлын түүхэнд анх удаа зохион байгуулж байгаа. Сонсголд Хянан шалгах түр хорооны 12 гишүүн оролцоно. УИХ-ын Тамгын газраас бэлтгэл, зохион байгуулалтын талд туслалцаа үзүүлж байгаа ажлын алба оролцоно. Хөгжлийн банкны одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа 10 орчим удирдах албан тушаалтнууд оролцоно. Мөн одоо зээл олголтын үед ажиллаж байсан Хөгжлийн банкны хуучин удирдлагууд оролцоно. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярын урилгаар Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаа ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнууд ажиглагчийн байр суурьтай оролцоно. Мөн тухайн чиглэлээр мэргэшсэн ТББ-ын төлөөллийг оролцуулах хуультай. Энэ дагуу ТББ-ын таван ТББ-ын төлөөлөл оролцохоор болсон. Мэдээж хэрэг хянан шалгах түр хорооноос томилсон хянан шалгагч, шинжээч нар оролцож ажлын тайлан, шинжээчийн дүгнэлтийг танилцуулах дэгтэй.