Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2, 29.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, УЕПГ-ын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолыг үндэслэн Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 10, нийт 35 хэргийг мөрдөн шалгаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн тушаалын дагуу томилсон. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 62 мөрдөгч ажиллан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Ажлын хэсэг 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлээд байна.
Ажлын хэсгийн мөрдөн шалгалтаар 118 объектыг нэгжиж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 216 удаа, гэрчээр 326 хүнээс мэдүүлэг авч, 593 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авчээ. Энэ хугацаанд 21 хүнийг хойшлуулалгүй баривчилж, шүүхэд танилцуулсан аж.
Мөрдөн шалгах явцад 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсаны 14 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 24 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 12 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Яллагдагчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 35 /улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн 1, ЗТХ-ийн сайд 1, ТНБД 1, Засаг дарга 1, УИХ-ын гишүүний зөвлөх 1, гаалийн улсын байцаагч 12 , ХХЕГ-ын харьяа байгууллагын 4, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 4, боомтын захиргааны мэргэжилтэн 1, “Эрдэнэс таван толгой” ХК-йн 6, “Тавантолгой төмөр зам” ХХК-йн 3/, мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 10, иргэн 19 байгааг АТГ мэдээлэв.