Хоёр дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 100 орчим гэрчийг оролцуулна

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар өнөөдөр (2023.01.30) хэвлэлийн бага хурал хийж, Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах хоёр дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийв.

Нотлох баримтыг шинжлэн судлах анхны сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны хооронд таван өдөр үргэлжилсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр дурдлаа. Энэхүү сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгтэй дүйх “шууд зээл”-ийг 60 орчим компанид олгосон байдал, эргэн төлөлт, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээд, гэрчийн мэдүүлэг, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг олон нийтэд нээлттэй сонсож хэлэлцсэн.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө олон нийтэд сонсголын талаар мэдээлэл өгөх үүргийнхээ дагуу өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж буйг Б.Энхбаяр гишүүн тэмдэглэв. Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд болно. Ирэх Даваа гарагт эхлэх сонсголоор гурван асуудлыг хэлэлцэх юм байна. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ. Энэ хүрээнд 21 албан тушаалтны гэрчээр дуудах аж. Гэрчүүдийн дунд 2016 онд Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувиар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр өөрөө багтаж байгаагаа мэдээллээ. Түүнчлэн 202 онд Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын асуудлаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд, тухайн үеийн хяналт, шалгалтыг ахалж ажиллаж байсан Монголбанкны удирдлагууд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр оролцох юм байна.

Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас санхүүжүүлсэн  үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийн асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ хүрээнд 40 орчим санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн гэдгийг Б.Энхбаяр гишүүн мэдээллээ. Хянан шалгах шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр, зөрчилтэй эсхүл эргэн төлөлт хангалтгүй байгаа 10 орчим санхүүгийн түрээсийн хэлцэл бий бөгөөд энэ хүрээнд 35 гэрч дуудах юм байна.

Энэ сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжлэх нотлох баримт шинжлэх судлах сонсголоор хэлэлцэх гурав дахь асуудал нь Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, хөтөлбөрийн багцууд байх аж. 2012-2016 онд Хөгжлийн банкнаас улсын төсөвт тусгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл, арга хэмжээ бий бөгөөд тэдгээрийн үр дүнг сонсох юм байна. Эдгээрээс тодруулга хийх шаардлагатай хэмээн үзэж, 43 гэрчийг дуудахаар төлөвлөөд байгааг Б.Энхбаяр гишүүн мэдээлсэн. Гэрчүүдийн дунд Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, төслийн удирдах хорооны дарга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж асан Р.Эрдэнэбүрэн, “Молор Констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж асан Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд  “Монголын төмөр зам” ТӨХК-ний захирал асан Б.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Номуун, Б.Номин нар гэрчээр дуудахаар мэдэгдэл хүргүүлнэ гэдгээ Хянан шалгах түр хорооны дарга хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Сонсголыг ажлын таван өдөр явуулахаар товлосон ч хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг ажлын гурван өдөрт багтаан хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд явуулах боломжтой хэмээн тооцож байгаагаа мөн дуулгасан.

Ийнхүү ирэх Даваа гарагт эхлэх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсголын талаар мэдээлэл өгсний дараа гэрчээр дуудагдсан ч сонсголд оролцоогүй албан тушаалтан, гэрчийн хүлээх хариуцлага, сонсголын үр дүнгийн талаар сонирхсон сэтгүүлчдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар хариулт, мэдээлэл өгсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.