Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” сэдэвт Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Хоёр дахь шатны санал асуулга Улаанбаатар хотноо болж байна. Уг асуудлаар УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэгээс тодрууллаа.
-Зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд болох гэж байна. Хоёр дахь санал асуулгын процессын талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Санал асуулгыг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд явуулж буй. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Хоёрдугаар шат буюу Зөвлөлдөх уулзалт хоёр өдөр дамнаж төрийн ордонд болох гэж байна. Зөвлөлдөх уулзалтад нэгдүгээр шатанд оролцсон 1570 хүний 50-аас доошгүй хувь 2 дахь шатанд оролцоно гэж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу 800 гаруй иргэд Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотоос оролцож байна. Процессын хувьд хоёр дахь шат буюу зөвлөлдөх уулзалтад эдгээр 800 гаруй иргэдэд санал асуулгад дурдагдсан асуудлаар мэргэжилтнүүд судлаачид тэнцвэртэй хоёр талын мэдээллийг өгнө. Өөрөөр хэлбэл санал асуулгад дурдсан асуудал, түүний шийдлийн талаар дэмжих, дэмжихгүй гэсэн 2 эсрэг тэсрэг байр сууриас тэнцвэртэй мэдээллийг өгнө гэсэн үг. Үүний дараа оролцогчид маань жижиг бүлгийн хэлэлцүүлгийг хийнэ. Нэг бүлэг нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байна.
Зөвлөлдөх санал асуулгад Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдээс санамсаргүй түүврийн аргаар сонгон оролцуулдаг. Тиймээс энд бүхий л нас хүйс, мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх иргэд цугласан байгаа. 80 гаруй настай буурал ч байхад 18 настай залуус ч байна. Үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүхий л сегментийг төлөөлсөн хүмүүс оролцож байгаа. Жижиг бүлгийн хэлэлцүүлгээр эдгээр янз бүрийн ажил мэргэжил, нас, орон нутгийн хүмүүс нэг бүлэг болон өөрсдийн санал бодлоо хуваалцаж хэлэлцэнэ. Яагаад хэлэлцүүлгийг жижиг бүлэгт хувааж байна вэ гэхээр судалгаагаар 10-15 хүний бүрэлдэхүүнтэй байх нь олон талын үзэл бодол сонсож, өөрсдийнхөө үзэд бодлыг хангалттай илэрхийлж ярилцах хамгийн үр дүнтэй хэмжээ гэж үздэг. Хэт цөөн байвал олон талын үзэл бодол, өнцөг гарахгүй. Үүний дараа сонирхсон эсхүл эргэлзээтэй асуудлаар тухайн асуудлын талаар мэдлэгтэй экпертүүдээс асуулт асууж, хариулт авах боломжтой.
-Иргэдийн зүгээс Зөвлөлдөх санал асуулгыг цагаан сарын өмнө буюу анхаарал сарнисан үед хийж байгаа нь учир дутагдалтай гэж шүүмжилж байна?
-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд санал асуулга явуулах дэс дараа, процессийг тусгасан байдаг. Санал асуулгыг бэлдэх, зохион байгуулахад багагүй хугацаа, хүч хөдөлмөр ордог. Зөвлөлдөх санал асуулга явуулах шийдвэр өнгөрсөн оны 12 дугаар сард гарч үүний дагуу зөвлөлдөх санал асуулгыг хараат бусаар зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл энэ оны 1 сарын эхээр байгуулагдсан. Зөвлөлдөх зөвлөлөөс бүхий л бэлтгэл ажил, процессийг судлан үзээд санал асуулгын эхний болон хоёр дахь шат болох зөвлөлдөх уулзалт зохион байгуулах хугацааг тогтоосон. Үүний дагуу Үндэсний статистикийн хороо Монгол Улсын насанд хүрсэн иргэдийг төлөөлж чадахуйц бага олонлог буюу 1570 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, эхний шатны санал асуулгыг авсан.
-Санал асуулгын асуултыг та харсан уу. Үүнд иргэдийн хардаад байгаа шиг Үндсэн хуулийг өөрчлөх агуулга багтсан уу?
Санал асуулга агуулгын хувьд нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, хоёрдугаарт, парламентын ардчилал, гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах, дөрөвдүгээрт, нийгмийн бодлогын тулгамдсан асуудал гэсэн дөрвөн сэдэвт багцлагдаж байгаа. Эдгээр багц сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг өрнөх юм. Зөвлөлдөх уулзалтад оролцож буй иргэд олон талын мэдээллийг сонссоны дараа нэгдүгээр шатанд өгсөн санал асуулгаа дахин бөглөх юм.
УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд эхлээд "Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: "Гарц шийдэл" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Мөн түүний дараа улс төрийн нам, иргэний нийгэм, иргэд оролцсон "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулсан. Эдгээр уулзалтуудаар хамгийн их хөндөгдсөн асуудлуудаар Зөвлөлдөх зөвлөл асуултуудаа боловсруулсан болов уу гэж бодож байна.
Зөвлөлдөх санал асуулга дууссаны дараа түүний үр дүнг хэлэлцэж зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөмж боловсруулан эрх бүхий байгууллагад хүргүүлдэг. Энэхүү зөвлөмжийн мөрөөр ямар арга хэмжээ авах болсон талаарх мэдээллийг олон нийтэд тухайн байгууллага өгөх үүрэгтэй байдаг.