Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилга бүхий захидлыг гардуулж өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэв.

Мөн хоёр улсын эдийн засгийн агуулгыг баяжуулах хүрээнд Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот сэргээн байгуулах, Хөшигийн хөндийд дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татах, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх зэрэг чиглэлд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тогтсон нь айлчлалын чухал үр дүн болсныг онцоллоо. 

Уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуурга болон цөлжилттэй тэмцэх зэрэг ногоон хөгжлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийв.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд түүний халуун дотно мэндчилгээг уламжлахыг хүсээд, Монгол Улсад айлчлах урилгыг талархалтай хүлээн авч буйгаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалд өндөр амжилт хүслээ.

Ерөнхийлөгч Юн Сог Ёль ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд БНСУ-ын төр, Засгийн газраас өндөр ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болон иргэд солилцоо, түүний дотор хүүхэд, залуучуудын солилцоог дэмжиж ажиллахаа илэрхийлэв.    

Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг дурдаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ нотлов. Ерөнхийлөгч Юн Сог Ёль “Дэлхийн ЭКСПО-2030” зохион байгуулах эрхийн төлөөх сонгуульд Монгол Улс Пусан хотыг дэмжих шийдвэр гаргасанд гүн талархал илэрхийлэв.  Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангахад хоёр улс үргэлжлүүлэн хүчин чармайлт гарган ажиллахын чухлыг талууд тэмдэглэж, Монгол Улсын санаачилсан бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г БНСУ цаашид ч дэмжиж, өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахаа тэмдэглэв. 

Талууд хоёр улсын иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал хөшүүрэг болно гэдэгт санал нэгдэж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд хоёр талын холбогдох байгууллага хооронд хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэлээ.