Хотын дарга БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын удирдлагатай уулзлаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулна. Тус наадмын Зохион байгуулах хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга, Үндэсний Олимпын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жоу Жияньчянтай уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын зөвлөх, "Улаанбаатар 2023 Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо" ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр “Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор  БНХАУ-ын спортын байгууллагатай санал солилцон, зөвлөгөө авч, туршлага судаллаа. Монгол Улсад анх удаа болох спортын олон төрөлт наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 1500 орчим тамирчин спортын 11 төрлөөр хурд, хүчээ сорино. Наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу 70-80 хувьтай явж байна. Одоогийн байдлаар бид  бүртгэлээ хийгээд, эхний оролцогчдын мэдүүлгүүдийг хүлээн авч эхлээд буй” хэмээсэн юм.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар “БНХАУ бол хүн төрөлхтний спортын их наадмыг хоёр удаа зохион байгуулж байсан, спортын байгууллага нь энэ тал дээр асар туршлагатай. Зүүн Азийн залуучуудын наадмыг 2013 онд БНХАУ-ын Тяньжин хотод зохион байгуулсан, энэ утгаараа бид мэдээлэл, санал солилцлоо” хэмээв.

БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга, Үндэсний Олимпын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жоу Жияньчян “Зүүн Азийн залуучуудын наадмын гол оролцогчид нь өсвөр насны тамирчид. Тэдний зарим нь эцэг эхийн хараа хяналтаас анх удаа гарч, гаднын орон руу явж байгаа. Тэгэхээр аюулгүй байдлыг нь хангахад онцгой анхаарч ажиллах нь зүйтэй” гэж онцолж байлаа.

Зүүн Азийн олимпын хороонд БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Макао, Тайван, Гуам, Хонконг болон Монгол гэсэн есөн Үндэсний олимпын хороо багтдаг. Эдгээр хороо 1991 онд хийсэн анхдугаар чуулганаараа Зүүн Азийн наадам зохион байгуулахаар шийдвэрлэж, анхных нь 1993 онд Шанхайд болсон билээ.

Тус наадам 2013 он хүртэл дөрвөн жил тутам зохиогдсоны эцэст хэлбэрээ өөрчилж, Зүүн Азийн залуучуудын наадам болсон юм.