Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болголоо.
Мөн авлига, албан тушаалын хэрэгт төрд хураагдсан барилга, байгууламжид үнэлгээ хийж, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмж хангана
Хүн амыг эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмэлтээр хангахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, эрүүл мэндийн салбарын цахим системийн хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулахад техник, хангамжийн бүрдэл, тасралтгүй бэлэн байдлыг ханган ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дэмжих салбар хоорондын хамтарсан цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг Эрүүл мэнд болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт тус тус даалгав.
Мөн “Шүд” арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, Нүүр, ам судлалын үндэсний төв байгуулах асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгов.