УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг энэ сарын 9-нд манай улсад ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн Н.Р.Будуевтай уулзлаа.
Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр давхар ажилладаг, эмэгтэй улс төрчийн хувьд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн болон байгаль хамгааллын чиглэлээр идэвхтэй ажилладаг болохыг уулзалтын эхэнд танилцуулав. Тэрбээр, энэ оны эхээр ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев Монгол Улсад айлчилж, хоёр улсын парламент хоорондын харилцааг хөгжүүлэх, ялангуяа хилийн бүс нутгийн дагуух байгаль орчинтой холбоотой хууль, эрх зүйн орчин бий болгоход хамтран ажиллах, харилцан туршлага солилцох боломж нээснийг тэмдэглээд, энэ удаа байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажилладаг гишүүн ажлын айлчлал хийж байгаад талархаж буйгаа дурдав. Мөн 2017 оноос хойш усны асуудлаарх Ажлын хэсгийг ахлан ажиллаж буйгаа танилцуулж, холбогдох хуульд усыг зүй зохистой ашиглах, хамгаалах, хэмнэх болон хүртээмж, эрүүл ахуй, хомсдолоос сэргийлэх, нөхөн сэргээх зэрэг олон талын асуудлыг уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, аж үйлдвэржилт, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай харилцан уялдаатай авч үзэж буйг онцолсон юм.
Төрийн Думын гишүүн, Байгаль нуурыг хамгаалах дэд хорооны дарга Н.Р.Будуев дэлхийн цэнгэг усны 20 хувийг бүрдүүлдэг Байгаль нуурыг бохирдлоос хамгаалах асуудалд түлхүү анхаарал хандуулан ажилладаг гэлээ. Тэрбээр, Байгаль нуурыг хамгаалахад ОХУ жилд 10-20 тэрбум ам.доллар зарцуулдгийг дурдаж, тус нуурын усанд фосфор агуулсан бодис хаях, мөн эрэг орчмоор нь хуванцар сав болон нэг удаагийн уут, сав хэрэглэхийг хориглох тухай хуулиудыг батлан гаргаад байгааг танилцуулав. УИХ-аас 2019 онд Хуванцрын хэрэглээг хязгаарлах тухай хууль баталсныг тэрбээр онцолж, усны асуудлаар болон цөлжилттэй тэмцэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.