Засгийн газрын тогтоолоор байгуулсан Уур амьсгалын Үндэсний хороо хуралдаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.
Уур амьсгалын өөрлөлтийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан, салбар дундын уялдаа, зохицуулалтаар хангах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах чиглэлээр эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын болон бусад салбарт 17 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Уур амьсгалын Үндэсний хорооны ажиллах журмыг шинэчлэн батлах, Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.
Уур амьсгалын Үндэсний хороог шинэчлэн байгуулсантай холбогдуулан хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, түүнд дасан зохицох чиглэлээр салбарын шинжлэх ухааны болон олон улсын байгууллага, ТББ, эрдэмтдийн төлөөллийг оролцуулсан хурлыг 6 дугаар сард зохион байгуулахаар тогтсоныг БОАЖЯ мэдээллээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож “Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахыг уриалахын зэрэгцээ 2030 он гэхэд монголчууд тэрбумаар тоологдох мод тарих” амлалт авсан юм. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 10 дугаар сард “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд 27 үйл ажиллагаа, 154 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Манай улс тус хөдөлгөөнийг өрнүүлж 2030 он гэхэд тэрбум мод тарьж, ургуулснаар ойн санг 9 хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтолд өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулж, хүлэмжийн хийн шингээлтийг 11 хувиар нэмж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх, ашигт ургамлын тариалалтыг нэмэх, ажлын байр бий болгох, хүнсний хангамжийг сайжруулахад хувь нэмрээ оруулах юм.