Хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэн. Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн онцлох эшлэлийг нэрлэж байна.
-Хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чуулган байх болно.
-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг Засгийн газар, холбогдох сайд нар онцгой анхаарах хэрэгтэй.
-Ёс зүйг төлөвшүүлэх нь авлигагүй нийгмийн үндэс суурь юм. Иймд авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэнэ.
-Сүүлийн 3 жилийн хугацаанд цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй хүндхэн сорилтуудыг Монгол Улсын эдийн засаг даван туулж, сэргэж эхэллээ.
-Сорилт, бэрхшээл цөөнгүй байгаа ч бүхэлдээ ирээдүй маань гэрэл гэгээтэй байна.
-Сүүлийн 18 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, иргэдийн худалдан авах чадвар, бодит орлогод сөрөг нөлөө үзүүлж буй үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээг хугацаа алдагдалгүй авах шаардлагатай байна.
-Хувийн хэвшлээ дэмжих, үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж, экспортлогч улс орон болох нь нэн тэргүүний зорилт мөн.
-Төр нь хувийн хэвшилтэй өрсөлддөг биш дэмждэг, хориглодог биш зохицуулдаг болох ёстой.
-Монгол Улсад эдийн засгийн, улс төрийн, нийгмийн тогтвортой байдал ус агаар мэт чухал байна. Тогтвортой байдал бол хөгжил цэцэглэлтийн суурь нөхцөл, аюулгүй байдлын цөм юм.
-Эдийн засагт гарсан өнөөдрийн хүндрэлийг даван туулахаас гадна Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны суурь өрсөлдөх чадварыг сайжруулах эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд энэ хаврын чуулган анхаарна.