Монгол Улс цахим үндэстэн болох зорилтын хүрээнд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос төрийн байгууллагуудын цахим шилжилтийн үйл ажиллагаатай бодитоор танилцах, тулгамдсан асуудлуудад хамтарч ажиллах, шийдвэрлэх чиглэлээр ээлжит уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугар, УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны гишүүн Х.Ганхуяг нар Гадаад харилцааны яаманд ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбоотойгоор цахим визийг 36 орны иргэдэд олгодог байсан бол 99 болгож нэмэгдүүлж, 72 цагийн дотор шийдвэрлэж байна. Мөн архивын 50 хувийг цахимжуулж, цахим нотариатын үйлчилгээг консулын бүх газраар дамжуулан үзүүлж байна.
Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт суугаа иргэддээ хүрч үйлчлэх чиг үүрэгтэй ажилладагийн хувьд Гадаад харилцааны яам цахим шилжилтийн бодлогыг стратегийн түвшинд оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг байнгын хорооны гишүүд уулзалтын үеэр хэллээ. Мөн хилийн чанадад байгаа иргэддээ тоон гарын үсэг олгох ажлыг эрчимжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангахад анхаарах, төрийн бусад байгууллагуудтай мэдээллийн уялдаа холбоог хангаж ажиллах чиглэлийг өгөв.
ИЦББХ-ноос төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хийж байгаа уулзалтууд энэ хаврын чуулганы хугацаанд эрчимтэй үргэлжлэх бөгөөд хуулийн хэрэгжилт, үүрэг даалгаврын биелэлтийг давхар хянаж ажиллах юм.