УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн тухайд тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-д суудалтай гурван намын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг дээрх хуулийн төслийг боловсруулаад байна. Үндсэн хуульд 21-ийн 4 дүгээрт зааснаар, сонгууль болохоос нэг жилийн дотор сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан. Иймд зургаадугаар сарын 20-ноос өмнө уг хуулийн төслийг хэлэлцэн батлуулсан байх ёстой. Иймд цаг хугацааны хувьд багтаахын тулд Засгийн газрын саналыг лхагва гарагт авч, улмаар УИХ-д өргөн барих чигтэй байна.
Хуулийн төсөлд туссанаар нэгдүгээрт, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тусгасан. 50х50 хувь /38х38/ буюу холимог системээр хуулийн төслийг өргөн барина. Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулах чиглэлээрх өөрчлөлтийг тусгалаа. Үүнд, зурагт самбар, ухуулагчдын тоог цөөрүүлсэн байдлаар сонгуулийг явуулах юм. Гуравдугаарт, хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ саналыг авах тухай асуудал мөн орж ирнэ. Дөрөвдүгээрт, улс төрийн намуудын санал авах босгыг 2012 онд таван хувь байсныг бууруулж, гурван хувь болгох нь зүйтэй гэж үзсэн. Тавдугаарт, нэр дэвшигчдийн доторх хүйсийн харьцааг 30 хувь болгосон. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа уг босго 20 хувьтай байгаа. Энэ мэт нарийн зохицуулалтыг энэхүү нэмэлт өөрчлөлтөд тусгасан” гэлээ.
УИХ-ын гишүүдийн 50 хувийг мажоритар системээр сонгож, үлдсэн 50 хувийг пропорциональ буюу намын жагсаалтаар сонгуульд нэр дэвшихийг холимог систем гэдэг. Холимог системийн дагуу сонгууль зохион байгуулахыг УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж байгаа аж.