Оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын ажиллагаа УБДЭТ-т өнөөдөр /2023.03.27/ болж, шилдгүүдээ тодрууллаа.
“Мөнгөн мод-2022” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээл шалгаруулав. Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулж, "Мөнгөн мод" цом, мөнгөн шагналаар урамшуулсан юм.
14 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 82 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 95 уран бүтээл, нийт 177 уран бүтээлч өнгөрсөн онд бүтээн туурвиж, олон нийтийн хүртээл болгосон бүтээлээрээ өрсөлдөв.