Улаанбаатар хотын нийтийн тээвэрт энэ оны эхний улиралд шинэ 224 автобус импортоор авч, одоогоор 106 чиглэлд 998 автобус үйлчилж байна.
Автозамын түгжрэлийг багасгахаар 2022-2024 онд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 80 хувийг шинэчлэн 1134 автобус оруулж ирэхээр төлөвлөөд байгаа билээ. Нийслэлд бүртгэлтэй нийтийн тээврийн 277 хэрэгслийн 60 орчим хувь нь 10-аас дээш жилийн настай буюу стандартын шаардлага хангахгүй болжээ.
Мөн сургуулийн зориулалттай автобусыг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тодруулбал, 2019 онд сургуулийн 25 автобус оруулж ирэн дүүргүүдэд хуваарилжээ. Энэ онд сургуулийн 50 автобус шинээр оруулж ирснийг байгууллагуудад хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна. Сургуулийн автобусаар үйлчилж буй 59 сургуульд 85207 хүүхэд суралцдаг. Тэдний 23952 нь такси болон хувийн унаагаар хүргүүлдэг байсан бол автобус үйлчилж эхэлснээр сурагчид автобусаар үйлчлүүлэх болсон. Ингэснээр автозамын түгжрэлийг 16.7 хувиар багасгах тооцоо гарсныг нийслэлийн Нийтийн тээврийн газраас онцлов.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Б.Тамир “Түгжрэлийг багасгахад богино эргэлт бий болгоно. Иргэдээс зорчигч урсгалын судалгаа авч, зарим гудамж замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх байдлаар стратегийн арга хэмжээг авна. Жишээ нь, Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобусны дундаж хурд 8.6 км цагаас 12.3 км цаг болж нэмэгдлээ. Мөн Яармагийн шинэ суурьшлын бүсээс Таван шар, Саппоро, Энхтайваны өргөн чөлөө рүү, Нисэхээс 3, 4 дүгээр хороолол хүртэл богино эргэлт төлөвлөсөн. Хамгийн урт чиглэлийн радиус дунджаар 50-60 км байдгийг 15 км хүртэл богиносгох судалгаа хийсэн. Шинэ автобусыг богино эргэлтээр явуулснаар хүлээх хугацааг богиносгоно. Улаанбаатар хотод нийтийн тээврийн 6 эцсийн зогсоолыг тодорхой аж ахуйн нэгжүүд менежмент хийж, тухтай, тохилог орчин бүрдүүлнэ. Шинэ суурьшлын бүс рүү автобусны зогсоол төлөвлөх, түүнд тохирсон чиглэл, маршрутын судалгааг үе шаттай хийж байгаа” гэжээ.