Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх , Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос холбогдох уулзалтуудыг хийж байгаа. Гуравдугаар сарын 29-ний өдөр байнгын хорооны дарга Э.Батшугар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлага, албан хаагчидтай уулзлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам салбарын хэмжээнд 160 үйлчилгээнээс 110-ыг цахим болгож, “E-Mongolia”-д 18 үйлчилгээг холбосон байна. Уулзалтын үеэр “ehalamj”, “ejob”, “ezuvshuurul”, “etuslamj” зэрэг салбарын гол системүүдтэй танилцсан. Тэдгээрээс хөдөлмөр эрхлэлтийн зуучлалын үйлчилгээг үзүүлж, төрийн болон хувийн хэвшлийн ажил олгогчдыг нэгтгэсэн “ejob” платформыг олон нийтэд сурталчлах ажлыг илүү сайн зохион байгуулж ажиллах шаардлагатай байгааг байнгын хорооны дарга Э.Батшугар анхааруулав.
Хүүхдийн мөнгөний олголттой холбоотойгоор үүссэн мэдээллийн зөрүүтэй байдал цэгцэрч, өнөөдрийн байдлаар 993725 өрхийн 1.1 сая хүүхдэд мөнгөн тэтгэмжийг олгож байна. Иргэд “e-mongolia”, “e-halamj” системээр мэдээллээ нягталж өргөдөл гаргах боломжтой бөгөөд цаашид байгууллага хоорондын мэдээллийн интеграцийг илүү сайжруулахад байнгын хорооноос онцгой анхаарч ажиллаж байна.
Төрийн байгууллага төдийгүй салбарын хэмжээнд тулгамдаад байгаа мэдээллийн технологийн чиглэлийн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гол үүрэгтэй ажиллах ёстойг байнгын хорооны дарга онцлов. Тиймээс ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, мэргэжил сонголтын чиг баримжааг тодорхойлоход бодлогын түвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудтай танилцаж, санал солилцлоо.