Н.Учрал: Мэдээллээ ирүүлээгүй тохиолдолд АТГ-т шилжүүлнэ

“Шилэн” ажиллагааны хүрээнд мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллага 68 мянган мэдээллийг ил болгохоор хуульчлаад байгаа. Мэдээллийн нэгдсэн  Shilen.gov.mn  платформд нийтэлсэн мэдээлэлд үнэлгээ хийхэд яамдын мэдээллээ ил тод болгосон байдал нь 71.56, төрийн захиргааны байгууллага, агентлагууд 51.3 хувь, нутгийн захиргааны байгууллагынх 47.3 хувьтай үнэлэгджээ. Ирэх долоо хоногоос дээрх сайтад нийт мэдээлэл хариуцагч байгууллагын нэрийг өнгөөр ялган жагсааж, байр эзлүүлэх аж.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлээгүй буюу энэ оны зургаадугаар сарын нэгнээс өмнө мэдээллээ ирүүлээгүй тохиолдолд тухайн төрийн албан тушаалтныг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэхийг ЦХХХ-ны сайд Н.Учрал тэмдэглэв.

“Бид өнгөрсөн долоо хоногт тусгай хамгаалалттай газрын мэдээллийг ил болгосон. Засгийн газрын тусгай сангаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг ирэх долоо хоногт ил болгоно. Тусгай хамгааллалтай газартай холбогдуулаад яамнаас ирүүлж байгаа. Гааль татварын санхүүгийн мэдээллийн технологийн төвтэй хамтраад тухайн газрын төлбөр, татвар төлөлтийг татварын системтэй нэгтгэж байгаа. Тусгай хамгаалалттай газруудад тухайн иргэн, аж ахуй нэгж газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан эсэхийг тодорхойлох боломжтой болсон”-ыг тэрбээр дуулгасан юм.

Түүнчлэн, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран ирэх долоо хоногоос сэтгүүлчдэд дата дээр хэрхэн зөв анализ хийх сургалт зохион байгуулах аж. Дата ашиглан зөв анализ хийхгүй бол газар болон зөвшөөрөл авсан татвараа төлөөд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, компани бүр буруутай мэт нийтэд мэдээлэх нь зохимжгүй учир хамтарч ажиллахыг сайд уриаллаа.