ХАА-г дэмжих сангийн мэдээлэл, 71 компанийн ТУЗ-ийн нэрсийг ил болголоо

Засгийн газраас энэ оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаад буй. Уг зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Шил” ажиллагааны өнгөрсөн долоо хоногийн ажлын үр дүнгээр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Сайд Н.Учрал энэ үеэр “Өнөөдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлдэгчдийн мэдээллийг shilen.gov.mn сайтад байршууллаа. Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан буюу нэгтгэн зохион байгуулсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлдэгчээс эхний ээлжид 6092 компани, иргэн, төрийн байгууллага, ТББ-ын мэдээллийг нээсэн. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг долоо хоногт багтаан ил болгоно.  

Өнөөдөр мөн Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой 71 компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэрс ил болж байна. Төрийн өмчийн 120 компанийн ТУЗ-ийн нэрс, бүрэлдэхүүний мэдээллийг ирэх 7 хоногт багтаан нээлттэй болгоно. Тусгай сангаас зээл авах нь, төрийн өмчит компанийн ТУЗ-д сонгогдох нь буруу хэрэг биш. Гагцхүү ил тод, нээлттэй байж, иргэний шууд хараа хяналтын дор ажиллаж хуулиа хэрэгжүүлэхийг “Шил” ажиллагаа баримталж буй. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шил” ажиллагаанд хүч нэмж, албан даалгавар гарган ил тод байдлыг хангахыг үүрэг болгосноор төрийн байгууллагуудын мэдээллээ нээх үйл явц эрчимжиж, төхөөрөмжид уншигдах байдлаар бэлтгэж ирүүлсэн мэдээллүүдийг shilen.gov.mn сайтад нийтэлж байна. Иргэн нь илүү мэдээлэлтэй бол эрх мэдэлтэй. Хаана нууц байна, тэнд авлига бий. Төрд хэн, хаана, хэзээ, юу хийж байгааг иргэд хянаж, хулгай хийх боломжийг технологийн шийдлээр хумих нь "Шил" ажиллагааны үндсэн зорилго юм” гэлээ.