Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр НҮБ-ын Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол, Хятадыг хариуцсан захирал Жьюзеппе Кросетитэй уулзаж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ОУШХБ-ын Монгол, Хятадыг хариуцсан захирал Жьюзеппе Кросети “Хүн амын хэт төвлөрөл, хотжилттой холбоотой асуудал зөвхөн Улаанбаатар хотод тулгамдаагүй. Дэлхийн бусад улс орнууд ч энэ асуудалтай нүүр тулж байна. Монгол Улсын Засгийн газраас шилжилт хөдөлгөөний тухай асуудлыг онцолж, бодлогын тэргүүлэх чиглэлд багтаасан нь маш зөв зүйл. Цаашид Улаанбаатар хот шилжилт хөдөлгөөний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, энэ чиглэлийн нэгж, газар байгуулах хэрэгтэй гэж үзэж байна” гэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Улаанбаатар хот нь хүн амын шилжилт хөдөлгөөний зөв бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр ОУШХБ-тай хамтран ажилласаар ирсэн. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Хот, хөдөөгийн сэргэлтийн асуудлаар аймаг, нийслэлийн удирдлагууд чуулж, төвлөрлийг сааруулах, хотоос хөдөө рүү чиглэсэн шилжих хөдөлгөөнийг дэмжин, ажлын байр нэмэх зэргээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүнд, олон улсын туршлагыг нэвтрүүлж, ОУШХБ-тай бүх түвшинд хамтран ажиллах хүсэлтэй байна. Тиймээс та бүхний зөвлөж буй шилжин суурьшигчдыг мэдээллээр хангах Мэдээллийн төв байгуулж, тусгай мэргэжилтэн бэлтгэх ажлыг нийслэлийн удирдлагууд дэмжиж байгаа” хэмээсэн юм.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн сонгогдсон гурван байршилд Улаанбаатар хотод шилжин суурьших иргэдэд зориулсан Мэдээллийн төв байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд тус төвд байнгын албан тушаал гаргах аж.