Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагч олон нийтийн өмнө уучлалт гуйдаг байхаар хуульчилжээ

УИХ-аас долоо хоногийн мягмар гарагт зохион байгуулдаг "Хуулийн мэдээллийн цаг”-т УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллийнхээ эхэнд, "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг анх 2018 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа санаачлан, ажлын хэсгийг тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулснаас хойш 5 жил өнгөрч байна. Ажлын хэсэг Япон, Герман, Канад болон Европын орнуудын төрийн албаны ёс зүйн дүрэм, олон улсын нийтлэг стандартуудыг нарийвчлан судалж, энэ хуулийн төслийг боловсруулсан. УИХ-д өргөн мэдүүлснээс хойш жил гаруй хугацаанд хэлэлцүүлэг хийж, анхны хэлэлцүүлэгт бэлэн болоод байгаа"-г тэмдэглэв. Тэрбээр мөн, Монгол Улсын 4232 төрийн байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн дэргэд Ёс зүйн хороо байгуулагдаж, төрийн албан хаагчдад хэм хэмжээ тогтоож ажиллахад уг хуулийн зорилго оршиж байгаа гэв.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хуулийн төслийн талаар үргэлжлүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 

Тэрбээр, "Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн өнгөрсөн оны тайлангаар, Монгол Улсад төрийн 4232 байгууллага ажиллаж байгаа бөгөөд үүнээс 25 ба түүнээс дээш албан хаагчтай 2397 төрийн байгууллага байна. Одоо мөрдөгдөж байгаа журмын зохицуулалтын дагуу 25 ба түүнээс дээш албан хаагчтай 2394 төрийн байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Харин 25-аас доош албан хаагчтай, заавал Ёс зүйн зөвлөл байгуулах шаардлагагүй хэдий ч өөрийн санаачилгаар Ёс зүйн зөвлөл байгуулан ажиллаж байгаа 567 төрийн байгууллага буй. Улсын хэмжээнд нийт төрийн 2961 байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоо бүрдэх, Ёс зүйн зөвлөлийн ажиллах болон гомдол, мэдээлэл хянан шийдвэрлэх журам, гишүүдийн баталгаа, урамшуулал, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг нийтэд мэдээлэх, зөрчлийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх зэрэг асуудал тодорхой болж, Ёс зүйн зөвлөлүүд үр дүнтэй ажиллах боломж бүрдэнэ" гэв. 

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, уг хуулийн төсөлд тусгагдсан төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой ёс зүйн хэм хэмжээ, хүлээлгэх хариуцлагын талаар онцлон ярилаа. Хууль үйлчлэх хүрээнд төрийн улс төрийн албан хаагч, төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч болон Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд хамаарна гэдгийг тодотголоо.

Хуулийн төсөлд ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагыг дараах байдлаар томъёолжээ. Үүнд:

  • Гомдол гаргагчид, эсвэл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох,
  • Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах,
  • Байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах,
  • Төрийн албанаас халах,
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг сайн дураар хүлээх,
  • Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх хэмээн тусгасан байна. 

Уг хуулийн төслийг Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд өнгөрсөн оны тавдугаар сарын 27-нд өргөн мэдүүлснийг УИХ үзэл баримтлалынх нь хувьд хэлэлцэхийг дэмжсэн. Иймд УИХ-ын дарга 2022 онд 193 дугаар захирамжаараа хуулийн төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад буй. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 4 удаа, дэд ажлын хэсэг 10 удаа хуралдаж, Сэлэнгэ, Хэнтий, Ховд, Төв, Дархан-Уул аймагт ажиллан, төрийн албан хаагчид, иргэдийн дунд 7 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Хэлэлцүүлэг, уулзалтаас 100 гаруй иргэн, төрийн албан хаагчдаас 261 санал, d.parliament.mn цахим хаягаар 16 санал нийт 277 орчим санал ирүүлснийг ажлын хэсэг хүлээн авч, судлан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.