“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын ажиллах хугацааг сунгахаар тогтжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсон Бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээллээ.

Засгийн газрын өнгөрсөн оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Өөрөөр хэлбэл, Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон зургаан сарын хугацаанд тус компанийн нүүрс олборлолт өмнөхөөсөө 2,5 дахин, борлуулалт 3,5 дахин нэмэгдсэн аж. Мөн нүүрсийг цахим биржээр борлуулдаг болсон зэрэг эерэг өөрчлөлт гарсан тул Бүрэн эрхт төлөөлөгчийг үргэлжлүүлэн томилох тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Бүрэн эрхт төлөөлөгч нь үргэлжлэн ажиллахаар болбол ирэх зургаан сарын хугацаанд тус компанид олон улсын мэргэжлийн аудитыг оруулах, олон улсын менежментийг хэрэгжүүлэх зэрэг үүрэг даалгавар хүлээх юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилон ажиллуулж буй.