Мөнгөний нийлүүлэлт 30.9 их наяд төгрөг болов

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 (16.8 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд валютын харилцах 2.3 (83.8 хувь) их наяд, валютын хадгаламж 1.7 (39.1 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. 

Бага мөнгө (M1) дээрх хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 6.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 257.4 (3.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (18.7 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 6 (88.7 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 767.4 (11.3 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.

Бараг мөнгө мөн хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 24.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 416.3 (1.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.4 (16.3 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 13.1 (54.2 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 6 (24.7 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 5.1 (21.1 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах юм.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 210.4 (16.9 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеийнхээс 42.5 (4.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хорооны нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэжээ.

Гадаад цэвэр актив 2023 оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 368.9 (10.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (3.2 дахин) их наяд төгрөгөөр өссөн байна. Дотоод цэвэр актив 27 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 304.7 (1.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (6.9 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг гадаад цэвэр актив бүрдүүлсэн аж.