Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шүүр” ажиллагааны явцын талаар мэдээлэл хийсэн байна.
Тэрбээр энэ тухайд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, "Тус ажиллагааны хүрээнд нийт 3000 гаруй албан байгууллагаас мэдээлэл ирүүлэх ёстой. Одоогийн байдлаар, 1343 албан байгууллага ЗГХЭГ-т мэдээллээ ирүүлээд байна. Үүнээс 183 байгууллага ямар нэг зөрчилгүй, 1163 нь тодорхой зөрчилтэй гэсэн тайлбар мэдээлэл ирүүлсэн. 4220 зөрчилтэй холбогдуулж 187 хүнийг ажлаас чөлөөлж, 27 хүнд сахилгын арга хэмжээ авч, 172 зөрчлийг арилгасан байна. Үлдэж буй 3000-аад зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх мэдээлэл хараахан ирээгүй. Тухайн зөрчлийг хэрхэн арилгасан тухай мэдээллийг тодорхой цаг хугацааны дараа ирүүлнэ" гэлээ.
"Шүүр" ажиллагаа нь төрийн болон төрийн өмчит компанид хийсэн хууль бус томилгоотой холбоотой зөрчлийг арилгахад чиглэж буй юм.