“Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор өнөөдөр болж буй “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.
-Өнөөдрийн форум нийслэлийн зүгээс хэрэгжүүлэх төслүүдээ нээлттэй танилцуулан хөрөнгө оруулагч нарыг холбож өгөх зорилготой хэмээн ойлгож байгаа. Энд ТЭЗҮ нь батлагдсан, бэлэн болсон ямар төслүүд байна вэ?
-Энд өнөөдөр Засгийн газраас танилцуулсан 70 км-ийн шинэ тойрог замын холболт орж байгаа. Дээр нь 300-400 тэрбум төгрөгийн, нийтийн тээврийн шинэчлэлт байна. Эхнээсээ хийгээд явж байна. Цаашлаад бид хэдэн хэдэн том төслийг малгай болгон ярих учиртай. Энд эхний ээлжинд эдийн засагт тодорхой нөлөө үзүүлэх дагуул хот-үйлдвэр технологийн паркийн 4 том бүтээн байгуулалт орж байгаа.
Хамгийн түрүүнд Эмээлтийн үйлдвэр-технологийн паркийг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр үйл ажиллагааны тооцоо судалгааг хийж дуусгаад байна. Мөн “Улаанбаатар-хөнгөн метро” буюу галт тэрэгний төсөл яригдаж байгаа. Том төслүүдээ эхлээд шийдэхийн тулд бидэнд том хөрөнгө оруулагч нар хэрэгтэй. Нийслэлийн иргэдээ орон сууцжуулах төслүүд энд мөн багтаж байгаа. Тодруулбал, дэд бүтэц нь холбогдоод буй гэр хорооллын Баянхошуу, Толгойт, Дамбадаржаа, Сэлбэ гэсэн дэд төвүүдийг түшиглэн орон сууц барина. Энд ААН-үүдийг татна.
-Форумын үеэр хамтын ажиллагааны 16 төрлийн гэрээ байгуулан санамж бичигт гарын үсэг зурлаа. Энд ямар ямар ажлыг тусгаад байна вэ?
-Эхний ээлжид зам, талбайн гэрэлтүүлэг, ахуйн бохир зайлуулах, камерын засвар үйлчилгээ зэрэг нийслэлийн тохижилт, үйлчилгээний хүрээнд хийж буй ажлуудыг хувийн хэвшилд шилжүүлж байна. Нийгмийн чиглэлийн ийм төрлийн үйл ажиллагаатай холбоотой санамж бичгүүдэд гарын үсэг зурж байна. Мөн Улаанбаатар хотын Худалдааны танхим нийслэлийн ААН-үүдийг төлөөлөн нийслэлтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж байгаа. Үүнийг хэдийгээр Танхим төлөөлж буй ч дотор нь олон аж ахуйн нэгж бий.
Тодруулбал, миний сая ярьсан нийслэл хотын зүгээс хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хүрээнд НЗДТГ Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Мөн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд дүүжин тээвэртэй холбоотой нэг санамж бичиг байгуулж байна. Ер нь төрөөс, нийслэлээс 26 төрийн, 50 гаруй тэрбум төгрөгийн ажил үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж байгаа. Энэ бол эхний ээлжийн ажлууд юм.