НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг амжилттай зохион байгуулсан билээ. Форумын үеэр хөрөнгө оруулалт шаардлагатай, мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын 50 төслийг танилцуулж, 14 Санамж бичиг, гурван гэрээ байгуулсан юм.
Тухайлбал, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК форумын үеэр дөрвөн байгууллагатай Санамж бичиг байгууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар болон БНСУ-ын хувийн хэвшлийн байгууллага, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн хооронд гурван талт Санамж бичиг байгуулсан юм. Энэ хүрээнд БНСУ-ын талаас цэвэрлэх байгууламжийн лаг хатаах, боловсруулах чиглэлээр ТЭЗҮ-ийг үнэгүй хийж өгнө. Ингэснээр Улаанбаатар хотын агаар, орчин, хөрсний бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг албаныхан онцолж байлаа.
Санамж бичгүүдийн талаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дэд захирал Н.Дашдэмбэрэл “Энэ удаагийн форумын онцлог нь томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, хамтын ажиллагааны гэрээ үзэглэх, Санамж бичиг байгуулахад оршино. Бид мөн “Юбикаб” ХХК-тай хамтран нийтийн тээврийн шинэ төрөл буюу “Такси вэйн” үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлэхээр боллоо. Энгийнээр бол том оврын нийтийн тээврийн автобус болон такси хоёрын дундын үйлчилгээ гэсэн үг. Үйлчлүүлэгч явах зүгтээ машин захиалан, тухайн зүг рүү явах 4-8 хүнтэй хамт зорчих боломжтой юм. Энэ бол нийтийн тээврийн олон төрлийн үйлчилгээний нэг төрөл. Мөн “Туушин” ХХК-тай хамтран Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистик төв байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Түүнчлэн барилгын салбарын харилцан ойлголцлын Санамж бичгийг “Тэргүүн чансаа” ХХК-тай байгуулсан” гэв.
“UB Cab" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр “UB Cab компанийн хувьд өнгөрсөн хугацаанд 30 мянган жолоочтой болж, Улаанбаатар хотын хэмжээнд 900 мянган хэрэглэгчтэй болсон. Бусад улсад такси үйлчилгээний платформууд зөвхөн А цэгээс Б цэгт нэг үйлчлүүлэгчийг хүргэж өгдөг биш, нэг тээврийн хэрэгслийг дундаа хуваалцдаг үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Улаанбаатар хотын нөхцөлд тохиромжтой хувилбар нь shuttle буюу чиглэлийн, тэр дундаа вэйн буюу том оврын машины үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, такси вэйн буюу том оврын тохилог тээврийн хэрэгслээр хэрэглэгчдэд үйлчилнэ. Хэрэглэгч суудлаа захиалаад, суудлын тоогоороо тодорхой чиглэлийн дагуух бусад үйлчлүүлэгчтэй хамт зорчино гэсэн үг. Мэдээж шинэ төрлийн үйлчилгээ тул тодорхой хэмжээнд зохицуулалт, журам шаардлагатай. Тиймээс “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай хамтран Нийслэлийн Засаг даргын захирамжаар журам боловсруулна. Ийнхүү өнөөдөр тус шинэ төрлийн үйлчилгээг турших, нэвтрүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран эхлүүлэхээр Санамж бичиг байгууллаа. Бизнес эрхлэгчид “Төр дэмжихгүй байна” гэж гомдоллох биш, төртэй хамтран ажиллах хэрэгтэй” хэмээсэн юм.
“Туушин” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Ж.Монголжингоо “Өнөөдөр “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай хамтран Улаанбаатар хотын ачаа тээврийн терминалыг барих чиглэлээр Санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотын нийт ачаа тээврийн 90 гаруй хувь нь Тяньжин боомтоос буюу зүүн талаас ирдэг. Тяньжин боомтоос ирж буй ачаа тээвэр Улаанбаатар хотод байрлах 10 гаруй терминал дээр бууж, тэндээсээ задардаг тул вагоны чингэлгүүд хот руу орж ирдэг. Үүнээсээ дахин задарч, 20-40 тонны том чингэлэг бүхий ачааны машинууд хотын төв рүү орж ирэх шаардлага гардаг. Төслийн үр дүнд нэг терминал дээр ачаа тээврээ хүлээн авч, нэгдсэн журмаар гаалийн хяналтын бүсээр орж, хотын төв рүү жижиг, цахилгаан тээврийн хэрэгслээр түгээлт хийх юм. Төсөл хэрэгжсэнээр тээврийн зардал буурч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээс гадна хотын авто замын түгжрэл, ачааллыг бууруулах боломжтой. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газраас гаргасан Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлттэй уг төсөл шууд хамааралтай” гэлээ.
Тус терминалыг Налайх дүүрэгт буюу хотын төвөөс 34 километрийн зайтай байгуулна. “Туушин” ХХК-ийн зүгээс төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө болон зам барих зэрэг бүх зураг төслийг боловсруулж, батлуулжээ. Ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны намраас эхлүүлэх бөгөөд төлөвлөгөөний дагуу 2024 оны хоёрдугаар улиралд багтаан үйл ажиллагаагаа явуулна.
Мөн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК “Тэргүүн чансаа” ХХК-тай Санамж бичиг байгуулсан. Нийслэлийн зүгээс дахин төлөвлөлтийн хүрээнд хуучин барилгуудыг буулгаж, шинэ орон сууцууд барьж байгаа билээ. Тэгвэл “Тэргүүн чансаа” ХХК дахин төлөвлөлтөөр барилга барьж буй нэг байршилд 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалтаар буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд их багтаамжийн зогсоол байгуулахаар болов. Тус зогсоолыг газар доор байгуулах бөгөөд нийт 700 гаруй автомашины хүчин чадалтай байх юм. Харин зогсоолын дээр буюу газрын тэг түвшинд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Нийслэлийн зүгээс уг төсөл дээр бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.