Дохагийн ДАШТ-ий дэвжээ манайханд хатуухан байсныг хэлэх хэрэгтэй. Учир нь ДАШТ эхэлсэн анхны өдрөөс татами дээр гарсан жүдочид дараалан ялагдаж, үзэгчдийн суудалд шилжсээр байсан нь спорт сонирхогчдыг гонсойлгож орхисон.
Харин "Доха-2023" жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Ё. Басхүү хүрэл медалиар энгэрээ мялааж дэлхийн хос медальтан болсноор хөгжөөн дэмжигчдээ баярлуулав.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд "Токио-2020" олимпийн мөнгө, "Будапешт-2021" ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Важа Маргвелашвилиг нэмэлт цагт даралтаар ялж шагналын тавцанд зогссон юм.