33 дахь удаагийн “Үндэсний номын баяр” Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26, 27, 28-нд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэдэг.
Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газраас Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023”-ийг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар энэ сарын 19-21-нд хөдөө орон нутагт нээсэн бол 26-28-нд Улаанбаатар хотод болох гэж байна.
Энэ өдрүүдэд нэн шинэ, үнэт ховор ном, гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа, зохиолч уншигчдын уулзалт, уран зохиолын уншлага, сонсдог номын цаг, яруу найргийн өдөрлөг зэрэг бүх насны уншигчдад зориулсан соёл, урлагийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм. Түүнчлэн бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг үйл ажиллагаа болно.