Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO 2023” Үндэсний соёл амралтын хүрээлэнд эхэлнэ.
Тус арга хэмжээг угтсан салбарын эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, олон улсын зочдын дунд зохион байгуулдаг “ICT FORUM” мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх нь буюу “Mindgolia” уриатайгаар өнөөдөр болж байна.
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, цахим шилжилтийг эрчимжүүлэх хууль, эрхзүйн орчны талаар танилцууллаа.
Мөн “Монгол Улс НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд 193 орноос 74 дүгээр байранд орж 18 байраар урагшилсан. Цаашид энэхүү амжилтаа ахиулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа хамгийн чухал. Тиймээс тулгамдаж буй асуудал, сорилтуудыг шийдвэрлэх гарц, шийдэл, төрийн бодлого, зохицуулалтад тусган чиглүүлэх үр дүнтэй зөвлөмжүүд энэхүү хэлэлцүүлгээс гарна гэдэгт итгэлтэй байна. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд Инновац, цахим бодлогын байнгын хороо идэвхтэй ажиллана” гэв.