УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2017.08.15/ ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын зарим сайд нараас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа тухай болон бусад асуудлаар мэдээлэл сонссон юм. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
Багшийн хөгжлийн тухай хуулийг судлах ажлын хэсэг байгуулах шаардлагатай
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарын мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн асуудлыг хөндлөө. Тэрбээр Багшийн хөгжлийн тухай хууль бол багшийн хөгжлийн эсрэг хууль болсон бөгөөд Боловсролын хуулиар хүрсэн төвшингөөс буусан олон заалт байгааг дуулгав. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон салбар яамны холбогдох хүмүүсийг оруулан ажлын хэсэг байгуулж ажиллахыг хүслээ. Харин Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Төрийн нэгдсэн бодлого дутагдаж байгаагаас болоод энэ салбарын өдөр тутмын үйл ажиллагаа хүндэрсэн. Бид зүгээр л боловсролын материал техникийг хангадаг яамтай болчихоод байна. Цаашид боловсролын эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй. Боловсролын, Дээд боловсролын, Технологийн, Инновацийн тухай хуулийг өөрчилж, дипломны хүмүүсийг л бэлтгэдэг байдлаасаа татгалзаж боловсон хүчний бодлоготой болох эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн Боловсролын салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, хөдөө орон нутгаас ирж байгаа оюутны дотуур байрны асуудал, харьяалал харгалзахгүй оюутны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг болох, дутагдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлуудыг анхаарах хэрэгтэй” гэв.
Ж.Батзандан: Хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийг хуулиар зохицуулах ёстой
-Монголд 40-50 сая төгрөгийн төлбөртэй сургууль байна-
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Бид боловсролын сайд хэд хэдэн асуудлаар чиглэл өгсөн. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө оюутны төлбөрийг нэмэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэртээ хатуу зогсоорой гэдэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт, цэцэрлэгийн асуудлыг анхааралдаа онцгойлон авч шийдвэрлэх чиглэл өглөө. Монгол Улсын нийт хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд өмнөх Засгийн газар хүүхэд харах үйлчилгээг гаргасан. Гэвч энэ ажлыг хүчингүй болгочихсон. Үүний оронд шинэ цаг үетэйгээ нийцсэн шийдэл гаргаж ирэхгүй байна. Гуравдугаарт, хувийн дунд сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийн асуудал хяналтаас гарлаа. Монгол 40-50 сая төгрөгийн төлбөртэй сургууль байна. Тиймээс Ардчилсан намын бүлгээс хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийг хуулиар зохицуулах ёстой гэдэг байр суурийг гаргаж байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ чиглэлийн хуулийг оруулж ир гэдэг шийдвэрийг салбарын сайдад нь хүргүүлсэн" гэлээ.
Эрчим хүчний дутагдал, дулааны эх үүсвэрийг шийдэх хэрэгтэй гэв
Эрчим хүчний цаашдын салбарын бодлогыг зөв болгож, УИХ-ын гишүүдэд, олон нийтэд ойлгомжтой болгож өг гэдэг шаардлагыг Эрчим хүчний сайд П.Ганхүүд тавьлаа. Мөн эрчим хүчний дутагдлыг хэрхэн нөхөх, цаашдаа дулаан цахилгааны эрчим хүчний ямар шинэ байгуулаж барих гэж байтаа тухай нэгдсэн мэдээлэл өгөх шаардлагатай байна. Тухайлбал, Шивээ овоо дээр БНХАУ-тай 6000 МВт-ын станц барих, Английн компаниар 600 МВт-ын станц бариулахаар болж байгаа гэх зэргээр ойлгомжгүй зүйлс олон байна. Түүнчлэн бүлгийн гишүүдийн зүгээс зүүн бүсийн дулаан цахилгааны эрчим хүчний асуудал дээр Чойбалсангийн ДЦС-ын 50 МВт-ын өргөтгөлийг маш яаралтай шийдэх тухай асуудал бүрхэг байна. Үүнийг маш яаралтай шийдэх хэрэгтэй байна гэдгийг сайдад нь дуулгасан. Орон даяар өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа энэ үед эрчим хүчний дутагдал, дулаан цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдэх хэрэгтэй. Түүнчлэн өмнөх Засгийн газрын үед Баян-өлгий аймагт усан цахилгаан станц барих тухай бүх бичиг баримт, ТЭЗҮ нь хийгдчихсэн байсан. Үүнийг цаашид явуулах шаардлагатай байна. Түүнчлэн өмнөх Засгийнгазрын үед эхэлсэн Багануурын ДЦС-ын асуудал, 10 аймгийг дулаанаар хангахаар хувийн хэвшлүүдтэй гэрээ хийсэн байсан ажил гацаанд орчихлоо. Энэ ажлыг үргэлжлүүлэн явуулах хэрэгтэй болохыг бүлгийн гишүүд сануулсан. Ер нь энэ мэт цаашид эрчим хүчний салбарыг хэрхэн авч явах талаар бодлого боловсруулж Ардчилсан намын бүлэгт мэдээлэл бэлтгэж өгөхийг хүслээ.
Хадлан тэжээлийн нөөц бэлтгэтгэд онцгой анхаар гэв
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг ХХААХҮ яамны дэд сайд Ж.Саулегээр ахлуулан ажиллаж байна. Харамсалтай нь салбарын дэд сайдын өгч буй мэдээллээр "Иргэд өөрсдийнхөө хадлан тэжээлийг хувиараа бэлдчихнэ" гэсэн зүйлийг хэлж байгаа. Гэтэл өнөөдөр иргэд хувиараа хадлан хадахыг хүссэн ч хадлангийн нөөц бэлчээр хомс болчихсон. Тиймээс бодит амьдрал ямар байгаа вэ гэдгийг дахин эргэж хараарай гэдгийг ХХААХҮЯ-нд бид анхааруулага өгсөн. Хөдөө аж ахуйн яаманд ойрын хугацаанд хөрөнгө мөнгө шаардлагатай. Мэдээж Засгийн газрын нөөц сангаас үүнийг нөхөх болож байхгүй. Хөдөө аж ахуйн яамнынхны хэлж буйгаар 66 сая толгой мал бол 17 их наяд төгрөг юм байна. Тиймээс энэ жил зуншлага оройтсон. Онцгой эрсдэлтэй өвөл болно. Анхны цаснаар зуд болох магадлалтай тул бэлтгэлээ хангаж, хадлан тэжээлийн нөөц бэлтгэх ажилд онцгой анхаарах хэрэгтэй. Хэрвээ Монголд хадлан өвс дутуу байгаа бол хөрш орнуудаасаа авах асуудлыг судлах цаг хугацаа бага болчихсон. Тиймээс хөрөнгө санхүүгийн асуудлыг хийхийн тулд яаралтай УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж төсвийн тодотголоо хийх хэрэгтэйг бүлгийн дарга Д.Эрдэнэбат анхааруулсан юм.
- 110 тэрбум төгрөгөөр хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутагдалд орж, ес, аравдугаар сард олгогдохгүй байх эрсдэл үүссэн-
Сангийн яамны мэдээлэлд Ардчилсан намын бүлэг гурван зүйлийг онцолж ярив. Нэгдүгээр, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой Сангийн яамны хөрөнгийн санхүүгийн нөөц ямар байгаа талаар мэдээлэл авлаа. Сангийн яамны дэд сайд "хөрөнгийн боломж байгаа. Харин үүнийг төсвийн тодотгол суулгахгүйгээр шийдэж болохгүй байна" гэдэг мэдээллийг өгсөн. Тиймээс ч бид УИХ-ын ээлжит бусаар хуралдуулахыг УИХ-ын даргаас шаардсан. Гэвч өнөөдрийг болтол хариу өгөөгүй байгаа учраас дахин шаардах болно гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Мөн ес, аравдугаар сард 110 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөний дутагдалд орж, хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүсч байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил хийх хэрэгтэй байна. Тиймээс ч ээлжит бус чуулганы яаралтай хуралдуулах хэрэгтэй байна. Сангийн яамтай холбоотой дараагийн асуудал бол валютын ханшийн асуудал. Сангийн яамны мэдээллээр өнгөрсөн хугацаанд төсвийн орлого нэмэгдсэн. Гол үндсэн шалтгаан нь нүүрсний үнэ нэмэгдсэн, борлуулалт хоёр дахин өссөнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа. Нүүрсний үнэ болоод борлуулалт нэмэгдэхэд валютын ханш савлаад байгаа нь ойлгомжгүй байна. Өнөөдөр валютын ханш 2450 болж, гурван сарын дотор 300 төгрөгөөр савлаж байгаа. Энэ нь эдийн засагт олон хүндрэлийг үүсгэж байна. Гэтэл валютын ханш яагаад өссөн талаар судалгааг Сангийн яам дүгнэлт гаргаагүй байгаа гэнэ. Валютын ханш нэмэгдэх хэдхэн шалтгаан байгаа. Эдгээр шалтгааны аль нь вэ гэдгийг Монголбанк, Сангийн яам хоёр зайлшгүй дүгнэлт гаргаж Ардчилсан намын бүлэгт танилцуулах үүргийг өглөө.
Түүнчлэн ОУВС-ын асуудалтай холбоотойгоор банканд магадлан үнэлгээ хийх ажлын хэсэг дээр банкны барьцаанд мал болон хайгуулын лиценз авахыг буруу гэж үзсэн гэсэн дүгнэлт гарсан байсан. Энэ нь манай улсын онцлог нөхцөлд тохиромжгүй.Мөн банкны барьцаанд юуг авах үгүйгээ манай улс өөрийн хуулиар шийдэж байгаа. Үүнийг гадны байгууллагын шахалтаар үгүйсгэх юм бол монголын бүх банк дампуурах эрсдэл хүлээх болно. Тиймээс энэ асуудалд Сангийн яамныг онцгойлон анхаарахыг санууллаа.