Хүчтэй хуй салхинд 100 гаруй айлын гэр, байшин нурж сүйджээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийг өнгөрсөн баасан гарагт хүчтэй хуй салхи дайрч, 100 гаруй айлын гэр, байшин нурж сүйдсэн мэдээлэл байна. Харин хүчтэй салхины улмаас хоёр хүн бэртэж, 47 айлын хашаа нурж, 13 айлын гэр салхинд хийсч, 20 гаруй айлын байшингийн цонх хагарч дээвэр нь нурсан байна. Тиймээс Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн дараа ажлын хэсэг гаргаж шуурхай ажиллаж хохирлын хэмжээг тогтоожээ. Гамшгийн улмаас нийтдээ 350 гаруй сая төгрөгийн хохирол учирсан аж. Орон нутгийн зарим байгууллагатай хамтран гэр оронгүй болсон 13 айлын гэрийг бүрэн шийдвэрлэжээ.

 

Мөн хэд хоногийн өмнө Хөвсгөл, Булган аймгийн зарим нутгаар их хэмжээний мөндөр орж зам харгуй эвдэрсэн төдийгүй Хөвсгөл аймагт хүний амь эрсджээ. Иймээс ард иргэдийг байгалийн гамшигт үзэгдлээр сэрэмжлэн анхаарал болгоомжтой байхыг зөвлөе.