Улаанбаатарын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн энэ ажлын явцтай танилцлаа. Шинэ гүүрийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 92 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын эхээр нээхээр төлөвлөж буйг гүйцэтгэгч компани онцолж буй.
Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм.