Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үерийн эрсдэл үүсээд байсан. Үүнтэй холбогдуулан Улсын болон Нийслэлийн онцгой комисс, холбогдох байгууллагын ажилчид, албан хаагчид ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авснаар үерийн эрсдэл буурч буй. Тиймээс усанд автсан зам талбай, барилга байгууламжийн ариутгал, цэвэрлэгээ эхэлж байна. Тодруулбал, нөхцөл байдал хүндэрсэн байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, шуудайтай элсийг голын далан руу шахаж зөөх, агаар орчны бохирдлыг цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж буй.
Энэ хүрээнд нян, өвчин үүсгэгчийг устгаж, орчныг ариутгахаар мананцар үүсгэгч машинууд хотын төв магистрал замууд дээр ажиллаж байгаа юм.