Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагынхан, албан хаагчид тодорхой байршлуудад ажиллаж буй. Тухайлбал, Сэлбэ голын баруун талын далан сэтэрснийг нэмж хүчитгэх ажил үргэлжилж байна. Үргэлжлэн орсон борооны улмаас голын усны түвшин нэмэгдэж, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас газарт 1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч далан нь сэтэрч ойр орчмын газар, хотхон, хороолол, барилга усанд автсан. Тухайн байршилд 500 орчим албан хаагч том оврын машин механизмтай ажиллаж, хальж байсан усыг зогсоон, үерийн даланг хүчитгэж буй. Түүнчлэн усанд өртсөн барилгуудын зоорийн давхар, гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Сэлбэ голын хамгаалалтын далан сэтэрснээс энэ байршил усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн. Хальсан усыг тогтоогоод, даланг хүчитгэх ажил үргэлжилж байна. Ойрын өдрүүдэд бороо орох тул усны түвшин дахиад нэмэгдэнэ. Тиймээс эрсдэлээс сэргийлэн хаалт, далан босгох, хүчитгэх шаардлагатай хэмээлээ.