Өнөөдөр /2023.07.09/ Монголын эдийн засгийн форум-2023 эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар үндсэн итгэлийг тавьсан юм. Тэрбээр, энэ удаагийн эдийн засгийн чуулганыг “Монголд Тавтай Морил” уриан дор Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Мөн хоёрхон хоногийн өмнө УИХ-ын хаврын чуулган өндөрлөсний дараа тохиож байна. Өнгөрсөн энэ хаврын чуулган бүхэлдээ шинэ дэвшилтэт үзэл санаагаар жигүүрлэсэн прогрессив реформын буюу шинэчлэлийн чуулган болсон. Өнгөрсөн 30 жилийн ардчиллын төлөөх тогтвортой өөрчлөлт шинэчлэлт бол энэ хаврын чуулганы гол үзэл санаа байсан. Энэ нь зарим талаар тогтворгүй байдлыг бий болгож байсан нь бодит үнэн. Даяаршлийн эрин зууны үед ардчиллыг бэхжүүлэх, дайн байлдаан цар тахлын үеийг даван туулахын зэрэгцээ парламентын дархлаагаа бэхжүүлэхийн төлөөх сорилт бэрхшээлүүдийг даван туулсан он жилүүд байсан.
Монголын парламент “3D” хэмээн шинэчлэлийг томьёолж, ардчилал, улс төр, нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн талаарх эрх зүйн реформыг хэрэгжүүллээ. Нэгдүгээрт, Digital буюу сүүлийн 4 жилд цахим өөрчлөлт шинэчлэлтийн багц хуулиудыг баталж, парламент өөрөө цахим байж, ард иргэдийн оролцоог хангах шинэчлэлийг эрхэмлэв. Парламентын шинэчлэлийг хоёрдугаарт, Democratic, гуравт, Deliberative гэсэн үгээр томьёолж болно. Democratic гэдэг нь парламентын ардчилсан үзэл санааг төлөвшүүлэхийн тулд ард түмний оролцоотой шийдвэр гаргаж, тэдний хүсэл эрмэлзлийг сонсох тухай асуудал юм. Парламентизмын үзэл санааг төлөвшүүлэхэд чиглэсэн гуравдахь “D” буюу Deliberative нь бусад улс төрийн намтайгаа зөвшилцдөг, нийгмийн төлөөлөлтэй зөвлөлддөг, тэдний санал бодлыг сонсдог арга механизмуудыг ашиглаж, энэхүү өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүллээ.
Ардчиллын төлөөх өөрчлөлтийг хийхийн тулд “3D” реформын үзэл санааны дагуу 3 чиглэлээр 10 багц хуулийн реформ хийхээр өнгөрсөн хаврын чуулгандаа зорилт дэвшүүлж ажилласан. Ардчиллыг бэхжүүлэхийн тулд нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлж байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө 2017 хүртэл 25 жилийн хугацаанд 14 удаагийн Засгийн газар солигдож, тэр хэмжээгээр засаглалын болон бодлогын тогтворгүй байдал нь эдийн засагт, хөрөнгө оруулагчдад хүндрэл, бэрхшээл сорилтыг учруулж байсан юм. Харин 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг гүйцээн боловсруулж, ардчиллаа бэхжүүлэх, төлөөллийг хангах, тогтвортой байдлыг хэрэгжүүлэх зохицуулалт үндсэндээ биелж чадлаа.
Эдүгээ засаглал бэхжиж, Ерөнхий сайдын манлайлал дор танхимын ажиллах чадвар сайжирч, засаглал тогтвортой болсон. Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт цаашдаа засаглалын бодлого хийгээд хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Эдийн засаг, нийгмийн бодлого, хүний хөгжлийн гурван багц реформын хүрээнд 9 үзэл санаа бүхий багц хуулийг баталсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаад УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль өөрчлөгдлөө. Мөн эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн эдийн засгийг либералчлах, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх аж үйлдвэрлэлийг дэмжих багц 3 хуулиудыг баталж гарлаа. Бид цаашдаа нэгдүгээрт, макро эдийн засгийн тогтвортой байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх Төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ. Хоёрдугаарт, хуримтлал, хөрөнгө оруулалтыг дэмжсэн бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд бид Үндэсний баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батлахаар зэхэж байна.
Улмаар эдийн засгийг либералчилж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг таатай болгох чиглэлээр парламентаас эрх зүйн орчны чухал шинэчлэлүүдийг хийж байна. Юуны түрүүнд төр нь хувийн хэвшилтэй өрсөлддөг биш дэмждэг, хориглодог биш зохицуулдаг хууль, эрх зүйн орчныг бий болгохоор зорьж байна. Бизнесийн орчныг сайжруулах хэд хэдэн хуулийг УИХ-аас баталсан. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталж, 1600 гаруй байсан зөвшөөрлийн тоог 362 болгон бууруулж, зөвшөөрөл авах процессыг цахимаар, 30 хоногийн дотор ил тод, нээлттэй шийдвэрлэдэг боллоо. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сард баталж, 2023 оны 6-р сарын 30-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Хөрөнгийн зах зээлийг уул уурхайтай уялдуулж, ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмыг бий болгосон. Ингэснээр эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж, арилжаанд оролцогчдын эрсдэлийг бууруулах, зах зээлийн бодитой ханш тогтох эерэг нөлөө бүрдэнэ.
Эдийн засаг дах төрийн оролцоог хязгаарлах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байна. Энэ хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компанийг байгуулах үндэслэлийг нарийвчлан зааж, хувийн хэвшлийн хийх боломжтой аж ахуйн шинжтэй үйл ажиллагааг төрийн өмчит компани хувийн хэвшилтэй зэрэгцэн хийдэг асуудлыг хязгаарлана. Мөн дэд бүтцийн томоохон төсөл, төрийн үйлчилгээ, ажил үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Улсын Их Хурлаас баталсан. Цаашлаад төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх чиглэлээр Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна.Манай улсын эдийн засгийн хөгжилд гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал байр суурьтай. Энэ оны 1-р сард Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталсан.
Энэхүү хуулиар УИХ-аас баталсан банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарыг либералчлах, санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогоо хуульчилж, гадаадын банкны ажиллах эрх зүйн орчныг тодорхой болголоо. Мөн хөрөнгө оруулалтын суурь хууль болох Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг саяхан УИХ-д Засгийн газраас өргөн барьсан. Өмнөх хуулийн давхардал хийдлийг арилгах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг баталгаатай хамгаалахад чиглэсэн энэ хуулийн төслийн талаар Форумын хэлэлцүүлгээр дэлгэрэнгүй ярилцана гэдэгт итгэлтэй байна.Цаашид бизнес хийхэд учирч буй хүнд суртал, түүнийг дагасан үр ашиггүй зардлыг бууруулах, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийнэ. Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний болон захиргааны шийдвэр гүйцэтгэх тухай хууль зэрэг багц хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Эдийн засгийн реформын гурав дахь чиглэл бол эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэрийг дэмжих эрх зүйн шинэчлэл юм. Уул уурхайн салбар манай улсын нийт экспортын 90 гаруй хувь, төсвийн орлогын 40 орчим хувийг эзэлж байгаа нь эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, аж үйлдвэржилтийг Тогтвортой хөгжлийн зорилттой нийцүүлэн шат ахиулах шаардлагатайг тодорхой харуулж байна.
Гуравдугаарт, УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хүний хөгжилд чиглэсэн томоохон реформын шинж чанартай хуулиудыг батлан гаргалаа. Монгол Улсын нийт хүн амын 65 хувь нь 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Тийм учраас Монгол Улс бол хүн амын цонх нь нээгдсэн, өсөж хөгжиж байгаа үндэстэн.
Боловсролын ерөнхий хуулийн цогц шинэчлэл нь дэлхийн түвшний өрсөлдөх чадвартай, хэлтэй устай, мэргэжилтэй мэдлэгтэй монгол хүн бэлтгэхэд чиглэж байна. Мөн нийгмийн даатгалын багц хуулиуд батлагдлаа. Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих багц хууль батлагдлаа. Үндсэндээ улс төр, засаглал, ардчиллыг төгөлдөршүүлэх, эдийн засгийг либералчлах, төрөлжүүлэх, тогтвортой байдлыг бий болгоход чиглэгдсэн багц реформыг хийж чадлаа.
Ирэх намрын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батална. Эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар төрийн оролцоог багасгах, засаглалыг сайжруулах, авлига, шударга бус байдалд баялгийн хуваарилалтыг оновчтой болгох, бизнесийн маргааныг үр дүнтэй шийдвэрлэх механизмыг бүрдүүлнэ.
Энэ бүхний үр дүнд хөрөнгө оруулагчиддаа уриалгаараа биш бодит үйлдлээрээ тогтвортой байдлыг бүрдүүлж буй гэдгийг харуулж, нотолж байна. Эдийн засгийн чуулган өндөр үр өгөөжтэй харилцан итгэлцэл ойлголцохыг хэлэлцсэн, хамтын ажиллагаа өргөтгөсөн чуулган болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, амжилт хүсье гэв хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.